АНУ, Израилын агаарын цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг ерөнхийлөгч Трамп зарлалаа

Т.Давааням, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө АНУ, Израилийн зэвсэгт хүчнүүд Ираны нийслэл Тегеран болон бусад хотуудад агаараас довтолж эхэлсэн билээ.

Үүний дараахан Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац агаарын цохилт эхэлснийг зарласан бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн “томоохон байлдааны ажиллагаа” эхэлснийг зарлаж, Ираны ард иргэдэд засгийн эрхээ булааж авахыг уриалж байв.

Тэгвэл өнөөдөр өглөө Ираны дээд удирдагч Аятолла Али Хамени алагдсаныг АНУ-ын ерөнхийлөгч зарлажээ.

Дональд Трамп энэ талаар сошиал хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд “Түүхэнд төрсөн хамгийн хорон муу санаатай хүмүүсийн нэг Хамени алагдлаа. Энэ бол зөвхөн Ираны ард түмний төлөө биш, бүх аугаа Америкчууд болон дэлхийн олон орны ард иргэдийн төлөө, Хамени болон түүний цуст дээрэмчдийн гарт амиа алдсан, зэрэмдэглүүлсэн хүмүүсийн төлөө шударга ёс тогтоосон хэрэг юм. Тэрбээр манай тагнуулын болон өндөр нарийвчлалтай хяналтын системээс зайлсхийж чадаагүй бөгөөд Израилтай хамтран ажилласнаар тэр болон түүний хамт алагдсан бусад удирдагчид юу ч хийж чадсангүй. Энэ бол Ираны ард түмний хувьд улс орноо буцааж авах цорын ганц, хамгийн том боломж юм. Тэдний Хувьсгалт Гвард, Цэргийн болон бусад Аюулгүй Байдал, Цагдаагийн хүчний ихэнх нь цаашид тулалдах хүсэлгүй байгаа бөгөөд биднээс хамгаалалт хүсэж байна. Би өнгөрсөн шөнө ‘Тэд одоо бууж өгвөл өршөөгдөнө, хожимдвол зөвхөн үхэлтэй тулгарна’ гэж хэлж байсан. Хувьсгалт Гвард, Цагдаагийн хүчнийхэн одоо Ираны эх орончидтой нэгдэж, улс орноо байх ёстой аугаа байранд нь буцаан авчрахын төлөө хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Энэ үйл явц удахгүй эхлэх ёстой. Учир нь Хаменигийн үхэл төдийгүй энэ улс ганцхан өдрийн дотор маш их сүйрсэн. Гэхдээ хүчтэй, нарийн оновчтой бөмбөгдөлт долоо хоног, эсвэл Ойрх Дорнод болон дэлхий даяар энх тайван тогтоох хүртэл шаардлагатай хугацаанд үргэлжлэх болно” гэж бичсэн байна.

Өмнө нь Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху дээд удирдагч алагдсаныг батлах “шинж тэмдгүүд” улам бүр тодорч байгааг мэдээлж байв.

Мөн хиймэл дагуулаас авсан зураг Тегеран дахь Хаменигийн амьдардаг байгууламж хэсэгчлэн сүйрснийг харуулж байлаа.

Агаарын цохилтын үеэр Хаменигээс гадна Ираны долоон өндөр албан тушаалтан алагдсаныг Израилийн албаныхан мэдээлсэн юм.

Уг ажиллагааны үеэр Иран даяар 200 гаруй хүний амь үрэгдсэнийг Улаан Хавирган Сар нийгэмлэг мэдээлжээ.

Ираны зэвсэгт хүчин АНУ, Израилийн довтолгооны хариуд Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн бааз байрладаг болон АНУ-ын холбоотон орнууд руу пуужингуудаа харвасан юм.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай, Катарын Доха хотууд  болон Бахрейн, Кувейт улсууд уг халдлагад өртсөн мэдээ ирж байна.

Ираны сүүлчийн хааны хүү, АНУ-д амьдардаг Реза Пахлави “Манай үеийн цусанд шунагч Заххак (Ираны домогт гардаг хорон санаат хаан), Ираны олон арван мянган зоригт охид, хөвгүүдийн алуурчин Али Хамени түүхийн хуудаснаас арчигдлаа. Түүний үхэлтэй хамт Исламын Бүгд Найрамдах Улс төгсгөл болж, удахгүй түүхийн хогийн саванд хаягдах болно” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Тэрбээр Ираны албаныханд Хаменигийн залгамжлагчийг тодруулахгүй байхыг, хууль хүчний байгууллагынханд ард түмэнтэйгээ нэгдэхийг уриалсан байна.

Пахлави 1979 оны Исламын Хувьсгалын дараа эцэг, эх, ах дүү нарын хамт эх орноосоо дүрвэснээс хойш АНУ-д амьдарч байгаа юм.

Ираны зүүн хойд Машхад хотод 1939 онд шашны зүтгэлтний гэрт мэндэлсэн Али Хамени 1962 оноос эхлэн Шах Мохаммад Реза Пахлавийн засаглалын эсрэг шашны хөдөлгөөнд нэгдэж байжээ.

Тэрбээр өмнөх удирдагч Аятолла Хомейнийг 1989 оны зургаадугаар сард нас барсны дараа Ираны шинэ дээд удирдагчаар томилогдож байв.

Зургаан хүүхэдтэй Хаменигийн засаглалын жилүүдэд Иран улс долоон ерөнхийлөгчийн нүүр үзсэн юм.

 

Эх сурвалж: BBC