Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs буюу хасагдах шатны тоглолтууд өнөө шөнө эхлэх гэж байна.
Энэ тэмцээнд урилгаар оролцож буй манай улсын "The MongolZ" баг В хэсэгт хоёр хожиж, нэг хожигдсон. Ийнхүү хэсгээсээ хоёр байраар гарч, Playoffs шатанд тоглох эрхээ авсан юм.
Манай улсын баг шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд өнөө шөнийн 22:45 цагт тоглоно.
Өнөөдрийн тоглолтод манай улсын баг хожвол Францийн "Team Vitality" багийн эсрэг энэ сарын 8-ны 22:45 цагт тоглох хуваарь гарна. Францийн багийн хувьд А хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан тул шөвгийн дөрөвт тоглох эрхтэй болсон юм.
"The MongolZ" өмнө нь Туркийн "Eternal Fire" багтай таван удаа тоглохдоо гуравт нь хожсон гэсэн үзүүлэлттэй байгаа. Хоёр багийн тоглолт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар явагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!