Бусад улсын эсрэг эзлэн түрэмгийлэх дайн дэгдээсэн улсын иргэдэд үл хөдлөх хөрөнгө зарахыг хориглох тухай хуулийн төслийг Финланд улсын засгийн газар өчигдөр парламентдаа өргөн барих шийдвэр гаргажээ.
Хуулийн төсөл нь үндсэндээ Оросын иргэдийн тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжийг үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр хаах зорилготой юм байна.
“Засгийн газар дөнгөж сая Оросын иргэд Финланд улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглох хуулийн төслийг парламентад өргөн барих шийдвэр гаргалаа. Бидний зорилго бол Финланд улс болон Финландын ард иргэдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх юм” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Антти Хакканен засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хуулийн төсөлд Орос улсын нэрийг шууд дурдаагүй ч одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Орос улс, Оросын иргэд, компаниудад чиглэж байгаа”-г тэр нэмж тайлбарласан байна.
Өнгөрсөн онд Финландын эрх баригчид Оросын хувь хүмүүс, компаниудын тус улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэд хэдэн оролдлогыг таслан зогсоож байв.
Энэ үйлдлээ үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар тайлбарлаж байжээ.
Шинэ хуулийн төсөл нь худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахад ашиглахаас сэргийлэх ач холбогдолтойг Хакканен тайлбарласан байна.
Гэхдээ уг хориг нь Финланд улсад болон Европын Холбооны орнуудад урт хугацаагаар байнга оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдэд үйлчлэхгүй гэнэ.
Мөн бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдаж авах арга замуудыг хаах заалтууд шинэ хуулийн төсөлд тусгагдсаныг Хакканен мэдээлжээ.
Финландын парламент хуулийн төслийг энэ хавар багтаан хэлэлцэж, батлахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!