Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж буй.
Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын нийт дөрвөн байршилд нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг буулгасан. Чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулжээ.
Тохижилтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксдаймонд” ХХК, “Ай Вай И Зэт групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Өнгөрсөн онд 121 байршилд 1,500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулахаар төлөвлөсөн гэж мэдэгдэж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!