Өнгөрсөн аравдугаар сард “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Шон Хинтонтой ярилцлаа.
Тэрээр Монголд ажиллаж, амьдарсан арвин туршлагатай бөгөөд олон улсад бизнес, нийгмийн хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил ажиллаж буй. Их Британи, Австралийн иргэн тэрээр Австрали улсад Монгол Улсыг төлөөлсөн Өргөмжит консул байв.
- Та ТУЗ-ийн дарга болоод гурван сар болж байна. Мөн 1988 оноос хойш Монголд олон ч удаа ирж очин хэдэн арваныг өнгөрүүлжээ. Юу таныг эргэн эргэн ирэхэд хүргэв?
- Залуу насны сониуч, адал явдалч зандаа хөтлөгдөн анх Монголыг зорьж ирсэн. Дөнгөж 22 настай надад алс холын Монгол гэх улс туйлын сонирхолтой байлаа. Хэдий алслагдмал ч гэлээ, хорвоо ертөнц адил тэгш, дэлхий ертөнц бол нэг бүхэл гэх үндэстэн соёлын үзэл санаа маань нэгдмэл эсэхийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн ирсэн.
Үүнээс жил орчмын дараа Монгол Улс болон Зөвлөлтийн орнуудад улс төрийн маш том өөрчлөлт гарсан. Хувь заяаны сонин тохиолоор түүхэн өөрчлөлтийг гэрчлэх боломж ингэж надад олдсон юм. Нэг л хэвийн үргэлжилнэ гэж бодсон хорвоо ертөнц гэнэт орвонгоороо өөрчлөгдсөнийг одоогийн залуус төсөөлөхөд бэрх байх. Манай үеийнхний хувьд ертөнцийг баруун, зүүний хуваагдал, “төмөр хөшиг”-өөр л төсөөлдөг байв.
Тэр үед монголчууд өөрсдөө хүртэл эх орон дотроо зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй аялж болдоггүй байсан. Анх ирээд удаагүй байхдаа Улаанбаатараас Чойбалсанд очихоор онгоцонд суутал цагдаа ирээд, гадаад, дотоодын иргэдийн аялах зөвшөөрлийг яг л адилхан шалгаж билээ. Гэтэл энэ хязгаарлалт нэг шөнийн дотор л ор мөргүй болж, дэлхий дахин нээлттэй болчихсон.
Ховд аймгийн Булган сумд амьдарч байхдаа өмч хувьчлагдаж, нэгдлийн өмч байсан мал сүргийг малчдад хувь болгон өгөхийг нүдээрээ харсан, иргэд, оюутан залуус Сүхбаатарын талбайд өөрчлөлтийн төлөө нэгдэн жагсахыг үзэж билээ. Жагсаалын зураг авсан минь одоо ч бий. Ингээд л жил бүр сонирхолдоо хөтлөгдөн “За, дахиад нэг жил байя, юу болохыг харъя” гэж бодсоор 1995 он хүртэл Монголд амьдарсан юм.
Эргээд ирэхэд сайхан байна. Надад Монголтой холбоотой сайхан дурсамж их бий. Эхнэр бид хоёр 32 жилийн өмнө өрх тусгаарлаж айл болоод, эхний хоёр жилээ Монголд үдсэн. Анхны гэр маань энд, анхны албан тасалгаа маань ч энд л байлаа.
- Таны хувьд “Оюу толгой”-той нэр холбогдож буй анхны тохиолдол биш. Оюу толгойн эхний жилүүдэд та зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ.
- Тийм ээ, тэр үед уурхайн бүтээн байгуулалтаас гаднах бүхий л зүйлд анхаарч, Оюу толгойн орон нутаг, улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг судалж, аль болох хүртээмжтэй, үр өгөөжтэй байлгахад төвлөрч ажилладаг байлаа.
Оюу толгой энгийн нэг зэсийн уурхай биш, Монгол Улсын хөгжих, дэлхийд танигдах боломж гэдэг нь бүр эхнээсээ л илэрхий байсан. Түүхий эдийн зах зээл, дэлхийн эдийн засгийн мөчлөг гээд бүхий л хүчин зүйлсийн тохироо бүрдэж, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нь олон улсад тун эерэг дохио өгсөн туйлын чухал үйл явдал болсон шүү дээ. Монголчууд хөрөнгө оруулагчдыг ирэхийг хүлээн хойш суулгүй, Хонконгоос өгсүүлээд дэлхийн олон улсад хөрөнгө оруулалтын хурал уулзалтыг зохион байгуулж, улс орноо идэвхтэй сурталчлан, боломжийг ашиглаж чадсан.
“Хүмүүс Оюу толгойг том уурхай гэж тодорхойлох нь их. Гэхдээ Оюу толгойн онцлог үнэндээ хэмжээндээ биш, харин хэр нарийн ярвигтайдаа байгаа юм. Оюу толгой бол уул уурхайн салбартаа саран дээр газардахын дайтай амжилт.”
- Та Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар юуг голчлон анхаарах вэ?
- Нэн түрүүнд анхаарах зүйл бол ТУЗ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт. Удирдах зөвлөл юунд анхаарч, юунд оролцох ёсгүй вэ гэдгийг олон нийтэд болон өөрсдөдөө сайтар ойлгуулах нь чухал байна. Төлөөлөн удирдах зөвлөл Гүйцэтгэх удирдлагын нэг шат дамжлага болох ёсгүй. ТУЗ-ийн даргын ажил спортын хэлээр бол талбайн шүүгчийн гэхээс илүү дасгалжуулагчийнхтай төстэй: багийнхнаа нэгтгэх, ойлголцолд хүргэж, том зургаар нь харах. Энэ ч утгаараа миний хийх гол ажил бол хамт олны хөгжил, бизнесийн ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад ганц манай хамт олон гэлтгүй нийт салбарын чадамжийг дээшлүүлж, уул уурхайн болон бусад мэргэжлийн ур чадвар, манлайллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Хүмүүс Оюу толгойг том уурхай гэж тодорхойлох нь их. Гэхдээ Оюу толгойн онцлог үнэндээ хэмжээндээ биш, харин хэр нарийн ярвигтайдаа байгаа юм. Оюу толгой бол уул уурхайн салбартаа саран дээр газардахын дайтай амжилт. Сарыг зорьсон сансрын хөлгүүд аяллынхаа 90 хувьд замаасаа бага зэрэг хазайчихдаг байсан гэдэг. Их биш л дээ, багахан л. Онолын хувьд өөгүй тооцооллоо ч бодит байдал дээр замын туршид засаж тааруулах шаардлага тулгардаг байж.
Эндээс харахад, өөгүй дардан замаар явах нь чухал биш, харин замаасаа хазайсныг олж харах нүдтэй, зохих тохируулгыг хийх чадвартай байх нь чухал. Тиймээс уян хатан байж, тасралтгүй хувьсан зохицох энэ зарчмыг ТУЗ-дөө шингээхийг хичээж байна. Ийм дайны, орчин үеийн өндөр технологи бүхий цогц уурхайг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтраад монгол залуус өөрсдийн гараар бүтээж байгаагаараа бахархах нь зүй ёсных.
- ТУЗ-ийн дарга болох үйл явц хэрхэн өрнөдөг юм бэ, та яаж сонгогдсон бэ?
- Хувьцаа эзэмшигчийн хувьд Рио Тинто эрлээ шат дараатайгаар явуулж, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын байгууллагаар дамжуулан олон хүнийг судалсан юм билээ. Монгол орны талаар гүнзгий ойлголттой, бодитоор үнэлж чадах, соёл уламжлал, хууль эрх зүй, түүхийн талаас нь сайн мэддэг хүнийг эрж байсан болов уу.
Төсөл эхлээд удаагүй байхад буюу аль 15 жилийн өмнө Оюу толгойд зөвлөхөөр ажиллаж байсан болохоор надад хандсан, би ч даруйхан зөвшөөрсөн. Миний хувьд нэр төрийн хэрэг, мөн асар том үүрэг хариуцлага. Ер нь миний амьдралдаа хувь нэмрээ оруулах хамгийн чухал үйл хэрэг байх. Оюу толгойд бидний гаргаж буй шийдвэр олон хүний, хэдэн зуун мянган хүний амьдрал ахуйд бодитоор нөлөөлдөг шүү дээ.
- Таны үүрэг бол том зургаар нь харах гэж та хэлсэн. Тэгвэл та компанийнхаа хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа вэ?
- Манайх маш тодорхой стратегитай, тэргүүлэх дөрвөн чиглэлтэй. Хамтын ажиллагаа, хамт олны чиглэлд компани ба засгийн газар, компани ба иргэд хоорондын түншлэлийг онцгойлон анхаарсан. Үйл ажиллагаа оролцогч талуудад ашигтай байж гэмээнэ амжилттай байна гэсэн үг, тиймээс хүртэх өгөөж мөн чухал.
Олон улсын хөрөнгө оруулагчид биднийг үнэхээр амжилттай байж чадах эсэхийг ажиглаж байгаа. Ашигт байдлыг нэмэгдүүлэх гол түлхүүр нь бидний хамтын хүчээр бүтээн босгож, хөрөнгө оруулсан гүний уурхайн тогтвортой үйл ажиллагаа байх болно. Эцэст нь, хөрст дэлхий. Одоогоор хэд хэдэн эх үүсвэрээс ашиглаж буй эрчим хүчнийхээ 30 хүртэлх хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг болохын тулд бид Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран 180 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахаар ажиллаж байна.
Салхин эрчим хүч үйлдвэрлэх нөөц ихтэй говь нутагт үүнийг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой. Бас дэлхийд анх удаа хүнд даацын өөрөө буулгагч цахилгаан машиныг туршиж эхэлсэн. Рио Тинтогийн өөр хаана ч нэвтрээгүй байгаа энэ санаачилга бидний хувьд гайхалтай боломж юм.
“Зуун жилийн настай бүтээн байгуулалт хийж байгаа нөхцөлд хамгийн шилдэг инженерүүдээс гадна хамгийн шилдэг санхүүжүүлэгчидтэй ажиллах ёстой. Тэдгээр санхүүжүүлэгч төслийн найдвартай, тогтвортой байдлыг хангахаас гадна замын уртад өөрчлөгдөн хувьсах нөхцөл байдалд уян хатнаар дасан зохицож хөл алдахгүй байхад тусалдаг.”
“Оюу толгой”-нх шиг олны анхаарлыг татдаг ТУЗ ховор байх. Танай ТУЗ-ийн гишүүдийг их мөнгө аваад онц хийцгүй сууж байдаг гэж харах хүн цөөнгүй.
ТУЗ-ийн гишүүд менежментийн багт хамаардаггүй тул үйл ажиллагаанд шууд оролцож шийдвэр гаргадаггүй. Харин амаргүй сорилтуудыг гүнзгий судалж ажилласны үндсэн дээр дүн шинжилгээтэй стратегийн шийдвэрүүдийг гаргадаг. Сорилт ихтэй, шуудхан хэлэхэд халгахаар хариуцлагатай ажил, таны хэлсэнчлэн олны анхааралд байдаг учраас.
Үүний зэрэгцээ, хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ТУЗ-д томилогддог учраас багагүй хугацаа зарцуулж бизнест тулгарч буй асуудлуудыг ойлгож аваад, тухайн хувьцаа эзэмшигчдэдээ тайлбарлан ойлгуулдаг. Энэ нь нэлээн ээдрээтэй үйл явц байдаг.
Оюу толгойтой холбоотой аливаа шийдвэр ончтой байж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө жилийн турш хичээнгүйлэн ажилладаг, ийм гайхалтай чадварлаг, хөдөлмөрч хүмүүстэй мөр зэрэгцэн ТУЗ-д ажиллаж буйдаа би туйлын баяртай байгаа.
- Хэр ойр ойрхон хуралддаг вэ?
- Манай ТУЗ жилд дөрвөн удаа хуралддаг. Үүнээс гадна стратегийн томоохон шийдвэртэй холбоотой эсхүл ТУЗ-өөр нарийн авч хэлэлцэх шаардлагатай тохиолдолд нэмж хуралдана. ТУЗ дээр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой баяжуулах үйлдвэр, тээвэрлэлт, ил уурхай, гүний уурхай, хаягдлын байгууламж гээд л хэсэг бүртэй холбоотой шинэ төсөл, хөгжүүлэлт, өргөтгөлийн ажил байнга орж ирж байдаг.
- Уул уурхайн санхүүжилт яагаад явц дундаа өөрчлөгдөөд байдаг юм бэ?
- Бүгдийг нь хамтад нь Оюу толгой гэж бид нэрлэдэг ч үнэн хэрэгтээ учрыг нь олж, удирдан зохицуулах шаардлагатай олон том, жижиг бүтээн байгуулалт байдаг юм шүү дээ. Иймээс ТУЗ хурал болгон дээрээ капитал хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргадаг.
Бид жил бүр төсвөө шинэчлэн тооцоолдог ч тааварлашгүй зүйлс их гардаг. Жишээ нь, зэсийн үнэ хэд байхыг ерөнхийд нь тооцоолж болох ч бодит байдал дээр унаж ч болно, өсөж ч магад. Үүнтэй адилаар хүдрийн биетийг таамаглан зураглаж болох ч хэсэг бүрийг нь яг таг мэдэх аргагүй. Тиймээс гэнэтийн нөхцөл байдалд бэлтгэлтэй байхын тулд бид тодорхой хэмжээний санхүүжилтийг нөөцлөх хэрэг гардаг. Манай Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер хэлдэг юм, “Блокчлон олборлох аргад түр зогсоох товчлуур байхгүй” гэж. Нэг эхэлсэн бол таталцлын хүчээр тасралтгүй нурах тул бидэнд алгуурлах сонголт байхгүй.
Ер нь Оюу толгой шиг хэмжээний том төсөлд санхүүжилт босгоно гэдэг нарийн үйл явц, бас хэн хөрөнгө оруулж байгаа нь тун чухал. Зуун жилийн настай бүтээн байгуулалт хийж байгаа нөхцөлд хамгийн шилдэг инженерүүдээс гадна хамгийн шилдэг санхүүжүүлэгчидтэй ажиллах ёстой. Тэдгээр санхүүжүүлэгч төслийн найдвартай, тогтвортой байдлыг хангахаас гадна замын уртад өөрчлөгдөн хувьсах нөхцөл байдалд уян хатнаар дасан зохицож, хөл алдахгүй байхад тусалдаг. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк л гэхэд Оюу толгойн уурхайн байгаль орчин, орон нутгийн иргэдийн аж амьдралд үзүүлэх нөлөөллийг онцгойлон анхаардаг бөгөөд энэ нь ч тухайн чиглэлүүд дэх бидний үр өгөөжид илүү жин нэмж байдаг.
Хөрөнгө оруулагчид ойлголцолд хүрсэн явдал нь Оюу толгойн гүний уурхайг саадгүй урагшлуулахад хүч болсон. Зөв санхүүжилтийг татаж олно гэдэг ганц тоон дүнгээр хэмжигдэх зүйл биш, харин Монголын ирээдүйд итгэх, насан туршийн түншүүдээ олох тухай юм.
“Жуулчид Монголын морьд, тал нутаг, Говь, байгалийн үзэсгэлэнг үзэх гэж ирдэг ч бүгд л монголчуудын талаар ярьсаар буцдаг. Анхандаа байгалийн сайханд татагддаг ч эцэст нь юу сэтгэлд нь хадагдан үлддэг вэ гэвэл монгол хүн.”
- Эцэст нь, Монголд өнгөрүүлсэн он жилүүдэд танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл юу вэ?
- Хамгийн сайхан нь гэвэл монгол хүн гэж хэлнэ. Монголд эрхэлсэн миний анхны бизнес аялал жуулчлалын “Nomads Tours” гэдэг компани байсан юм. 30 жилийн өмнө, тухайн үед ажигласан нэг зүйл гэвэл жуулчид Монголын морьд, тал нутаг, Говь, байгалийн үзэсгэлэнг үзэх гэж ирдэг ч бүгд л монголчуудын талаар ярьсаар буцдаг. Анхандаа байгалийн сайханд татагддаг ч, эцэст нь юу сэтгэлд нь хадагдан үлддэг вэ гэвэл монгол хүн.
Монголчууд том мөрөөдөлтэй, төр улс нь мандаж, ахуй амьдрал нь өөдөө байхыг ямагт ерөөж, итгэж явдаг ард түмэн. Мэдлэг боловсрол өндөртэй, оюуны хосгүй чадамж, ур чадвартай, зоримог хүмүүс. Энэ өөдрөг тэмүүлэл нь урам зоригийг бадраагч туйлын чухал чанар гэж боддог.
- Баярлалаа.
“Монголчууд том мөрөөдөлтэй, төр улс нь мандаж, ахуй амьдрал нь өөдөө байхыг ямагт ерөөж, итгэж явдаг ард түмэн. Бас мэдлэг боловсрол өндөртэй, оюуны хосгүй чадамж, ур чадвартай, зоримог хүмүүс.”
Сэтгүүлч П.Номинбилэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!