Цахим залилан Фэйсбүүкээс гадна Инстаграм, Телеграм, Тик Токоор өргөн тархаж байгааг АНХААРУУЛАВ
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 85.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Энэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс
- Улаанбаатар хотод 13,119 (70.5%)
- Орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг гарчээ.
Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 30.9 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Харин цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85.5 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.
Цахим залилан нь ихэвчлэн Фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж Инстаграм, Телеграм, Тик Токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй.
Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн хиймэл оюун ухаан тусламжтайгаар өргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна.
Иймд өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Залиланд өртөхөөс сэргийлэх зөвлөмж:
- Цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх
- Таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессэжийг нээхгүй байх
- Танихгүй гадаад кодтой дуудлага, мессэжээс сэрэмжлэх
- Цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
