Энэ долоо хоногт АНУ-д айлчилсан Израиль улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ерөнхийлөгч Дональд Трампад алтан пэйжер бэлэглэсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ нь өнгөрсөн онд Израилийн тусгай албадын Ливан дахь Хезболла зэвсэгт байгууллагын гишүүдийн эсрэг явуулсан хорлон сүйтгэх ажиллагааны бэлгэдэл бололтой.
Сошиал орчинд тарсан гэрэл зурагт модны тайрсан хэсэг дээр суурилуулсан алтан пэйжер, бас “Манай хамгийн аугаа найз, аугаа холбоотон ерөнхийлөгч Дональд Трампад дурсгав. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху” гэсэн бичгийг алтадсан ялтас дээр сийлсэн нь харагдаж байгаа юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард Хезболлагийн гишүүдийн дотоод харилцаа холбоондоо ашигладаг олон мянган пэйжер Ливан даяар зэрэг дэлбэрч байв.
Үүний улмаас 37 хүн алагдаж, хэдэн мянган хүн шархадсан юм.
Алтан пэйжер авахдаа Трамп “Энэ үнэхээр том ажиллагаа болсон шүү” гэж хэлснийг Израилийн албаны эх сурвалж мэдээлжээ.
Трамп алтан пэйжерийн хариуд Нетаньяхуд өөрсдийн хамт авхуулсан гэрэл зургийг гарын үсгийн хамт бэлэглэсэн байна.
Гэрэл зураг дээр Трамп “Аугаа удирдагч Бибид!” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!