Цагдаагийн байгууллагад сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн зарим хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хан-Уул дүүрэгт иргэн нас барсан талаар цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Амь хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хэргийн газарт үзлэг явуулсан. Хэргийн газрын үзлэгээр уг дүүрэгт оршин суух 38 настай иргэн "О" нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Нас барсан иргэнтэй хамтран амьдрагч "Н" гэх иргэн хамт байсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу дүрс бичлэгийн аргаар хөндлөнгийн гэрчийг олж хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулсан. Ар гэрийн зүгээс өчигдөр хэвлэлийн байгууллагад мэдээлэл өгсөн.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогчийн ар гэрийнхний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий алба хаагчид явууллаа. Уг ажиллагаанд хохирогчийн ар гэрийн төлөөлөл бүхий ээж, дүү, ах гэх хүмүүс оролцсон. Урьдчилсан байдлаар хохирогч "О"-ийн биед ил харагдах гэмтэл шарх сорви илрээгүй.
Нас барсан үндсэн шалтгаан нь Шүүх шинжилгээний ерөнхий газарт эрх бүхий алба тушаалтны мэргэжлийн дүгнэлтээр тодорхой хугацааны дараа гаргана. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтын дор явуулж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!