Тамаваши Б.Мөнх-Оргил сүмогийн дээд зиндаанд хамгийн олон барилдсан бөх боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн дөрөв дэх өдөр өнөөдөр өндөрлөлөө.

Дээд зиндаанд барилдаж буй бөхчүүдээс хамгийн ахмад нь болох Тамаваши Б.Мөнх-Оргил Украины Шишид ялагдав. Хэдийгээр унасан ч 41 настай сүмоч эр макүүчи буюу дээд зиндаанд хамгийн олон барилдаан хийсэн бөх боллоо.

Түүнээс өмнө Кёкүтэнхо Н.Цэвэгням 1998 оноос 2015 оныг хүртэлх хугацаанд 1,470 барилдсан амжилтаар рекорд эзэмшиж байв. Тэгвэл Б.Мөнх-Оргил 1,471 болсон байна.

Тэрбээр 2008 оны есдүгээр сарын тэмцээнд анх дээд зиндаанд барилдаж байв. 

Мөн тэр макүүчи зиндаанд 99 тэмцээнд зодоглосон үзүүлэлтээр Н.Цэвэгнямтай зэрэгцээд байна. Түүний урд озеки асан Кайо 107, ёкозүна асан Хакүхо 103 башёг дээд зиндаанд хүч үзсэн үзүүлэлтээр бичигддэг. 

Ёкозүнагийн болзол сонссон Украины Аонишики эхний дөрвөн өдрийн дараа хоёр ялж, хоёр унав. Тэрбээр өнөөдөр Чүраноүмид ялагдсан юм. 

Харин озеки цолоо буцаан авахаар барилдаж байгаа Киришима Б.Лхагвасүрэн Вакатакакажэг ялснаар гурван даваатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Эхний гурван өдөр дараалан ялсан ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Фүжинокавад дийлдэв. Ингэснээр маэгаширагийн зүүний хоёрт бичигдэж буй япон эр энэ тэмцээнд хоёр ёкозүнаг дараалан ялж, кинбоши буюу "алтан од"-той боллоо.

Ийнхүү дээд зиндааг эхний дөрвөн өдрийн дараа секивакэ Такяасү, Таканошо, Котошохо нарын гурван бөх нэг ч унаагүй тэргүүлж байна.

МОНГОЛ БӨХЧҮҮД

Дээд зиндаа

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 3:0
  • Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн - 3:1
  • Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн - 0:2-2
  • З-7 Ошома П.Дэлгэрбаяр - 2:2
  • Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил - 0:4
  • З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан - 2:2
  • З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох - 3:1

Жюүрёо

  • Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар - 4:0
  • З-9 Тамашёохо Э.Энхманлай - 1:3
  • З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн - 2:2
  • Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц - 3:1