Хар тамхи үйлдвэрлэх, бусдад хэрэглүүлэх зэрэг үйлдэл болон бүлэглэлд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд чангатгах тухай санал дэмжигджээ
Өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал Засгийн Газраас хар тамхины асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд анх 2002 онд хар тамхины хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг маш цөөн бүртгэгддэг байсан бол 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад хурдтай өсөж буй үзүүлэлттэй аж.
Уг хуулийн шинэчилсэн найруулгад үндэсний жагсаалттай болж шинэ төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг даруй жагсаалтад бүртгэх түүнчлэн донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх, сэтгэц бие махбодын хувьд эрүүлжүүлэх ажлуудыг тодорхой болгохоор тусгажээ.
Түүнчлэн хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх зэрэг илүү ноцтой үр дагавартай гэмт үйлдлүүд, гэмт бүлэглэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан ба дэмжигдээд байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
