"Зарим улс 15-16 хүртэлх насны хүүхдэд нийгмийн сүлжээг шууд хориглохыг хуульчилсан. Монголд ямар ч зохицуулалт алга"

М.Батчимэг, ikon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийг цахим орчинд хамгаалах хууль эрхзүйн шийдлийн олон улсын жишээ болон Монгол улсын зохицуулалтын талаар Боловсролын сайд П.Наранбаярын өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Австрали, Франц, Норвеги, Их Британи, АНУ-ын зарим муж, Индонез, Бразил зэрэг улс орнууд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, кибер дарамт, хорт контент, цахим гэмт хэргээс хамгаалах зорилгоор нийгмийн сүлжээний хэрэглээг насны шалгуураар зохицуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Зарим улс 15-16 хүртэлх насны хүүхдэд нийгмийн сүлжээг шууд хориглох, эсвэл эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг хатуу зохицуулалтыг сонгож, платформуудыг нас баталгаажуулах систем нэвтрүүлэх үүрэгтэй болгож, зөрчил гаргавал өндөр хэмжээний торгууль ногдуулах механизмыг хуульчилжээ. 

Харин Монгол Улсад хүүхдийг цахим орчинд хамгаалахтай холбоотой тодорхой зохицуулалтууд нь Эрүүгийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хууль тогтоомжид тусгагджээ. Гэхдээ цахим орчинд насны хязгаарлалттай орох тухай ямар ч зохицуулалт байдаггүй юм байна.

 Олон улсын зохицуулалт

"Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосны дараа нийгмийн сүлжээний платформууд 4.7 сая хаягийг устгажээ"

  • Австрали улсад хуулиараа 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг бүрэн хаахаар зохицуулсан байна.
  • Тус хуулийн дагуу нийгмийн сүлжээний платформ хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд 16-аас доош насны хүүхдийг нэвтрүүлэхгүй, хаяг үүсгэхгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол нийгмийн сүлжээний компаниудад 33 сая ам.доллар хүртэл торгуулийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Энэ нь тухайн хүүхэд болон эцэг, эхэд ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй байх талаар мөн дурджээ.
  • Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосны дараа нийгмийн сүлжээний платформууд 4.7 сая хаягийг устгасан байна.

"15-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд аккаунт нээхэд эцэг эхийн зөвшөөрөл заавал шаардлагатай"

  • Франц улс хуулиараа 15-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд аккаунт нээхэд эцэг эхийн зөвшөөрөл заавал шаардлагатай байхыг зохицуулжээ. 
  • Платформууд хэрэглэгчийн насыг шалгах, эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулах систем нэвтрүүлэх ёстой аж. 
  • Мөн 15-аас доош насны хүүхдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох
  • Платформууд нас баталгаажуулах (age-verification) систем нэвтрүүлэх
  • Зөрчил гаргасан платформд компанийн жилийн орлогын 1% хүртэл торгууль ногдуулах боломжтой аж. 

Норвеги улс Францын 15 насны "digital majority" загвартай ойролцоо 1) нийгмийн сүлжээний насны босгыг 15 нас болгох, 2) нас баталгаажуулах систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Их Британи улс насны шууд хориг тавиагүй боловч хүүхдийн хамгаалалт маш хатуу, платформууд аюултай контент устгах үүрэгтэй, мөн нас баталгаажуулах механизм шаарддаг. АНУ-д мөн хүүхэд аккаунт нээхэд эцэг эхийн зөвшөөрөл авах, нас баталгаажуулах систем шаарддаг байна. 

Индонез улс 2026 онд 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хориглох бодлого хэрэгжүүлэхээр болсон. YouTube, TikTok, Facebook, Instagram зэрэг платформд нас баталгаажуулах шаардлага тавина.

Энэтхэг (Каранатака муж) 6-аас доош насныханд сошиал хэрэглээг хориглох шийдвэр гаргасан.

Бразил 2025 онд баталсан хууль: 16-аас доош насныхны аккаунтыг эцэг эхтэй холбох платформууд нас баталгаажуулах систем ашиглах, зөрчвөл 50 сая реал хүртэл торгууль ногдуулах

Монгол Улсад  нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах эрх зүйн орчин /нийтлэг зохицуулалт/
  • Эрүүгийн хууль /2015/  16.9 дүгээр зүйлийн 1 "Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан"
  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль/2021/  29.1"Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно"
  • Хүүхэд Хамгааллын тухай хууль/2024/
  • 8.6.-т "Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно.
  • 25.2-т "Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц цахим тоглоом, хүүхдэд хортой агуулга, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд түгээх, хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүргийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хэрэгжүүлнэ"
  • 25.3-т "Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно.
  • 25.4-т "Хүн, хуулийн этгээд хүүхдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, эсхүл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, дуу, дуу-дүрсний бичлэг агуулсан контент, мэдээ, мэдээлэл, бүтээлийг олон нийтэд түгээхийг хориглоно"