Ёкозүна Оносато гуравдугаар сарын тэмцээнийг орхилоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башё үргэлжилж байна.

Тэмцээний эхний гурван өдөр дараалан унасан ёкозүна Оносато гэмтлийн улмаас цаашид барилдах боломжгүй болсноо зарлалаа. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээнээр зүүн мөрөндөө өвчин мэдэрсэн тул ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй барилдаагүй. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд 10 даваатай өндөрлүүлсэн ч энэ сарын башёгийн эхний гурван өдөрт хоёр кинбоши буюу "алтан од" алдсан юм. 

Өнөөдөр тэр сүүлийн хоёр башёд дараалан унасан Ёшинофүжитэй оноолт таарсан. Гэхдээ Оносато жагсаалаас гарч байгаагаа мэдэгдсэнээр Ёшинофүжи хоёр дахь даваагаа авч байна. 

Ёкозүна цолтой бөх Дээд зиндааны хамгийн доод чансаа болох маэгашира бөхөд унахыг сүмод кинбоши гэдэг. "Алтан од"-ыг урамшуулал дагалддаг тул холбооны зүгээс ч таагүй ханддаг билээ.

Тодруулбал ёкозүнаг давсан сүмоч замналынхаа турш тэмцээний үеэр 40,000 иений нэмэгдэл авдаг байна. Жилд зургаан тэмцээн болоход бүгдэд нь уг урамшууллыг олгодог юм.

Одоо барилдаж буй бөхчүүдээс хамгийн олон кинбоши хүртсэн сүмоч бол Тамаваши Б.Мөнх-Оргил. Тэрбээр ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийг дөрөв, Харүмафүжи Д.Бямбадорж, Кисеносато, Какүрюү М.Ананд, Оносато нарыг давж байв.

Сонирхуулахад одоо ид барилдаж буй ёкозүна нараас Хоошёорюү С.Бямбасүрэн 13, Оносато 11 удаа кинбоши алджээ.