Украины эрх баригчид Оросын пуужингийн эд ангийн гол үйлдвэрт амжилттай довтолсноо мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины зэвсэгт хүчин Оросын “хамгийн чухал зэвсгийн үйлдвэрүүдийн нэгэнд агаараас цохилт өгсөн” тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

“Энэ үйлдвэр нь Оросын пуужингийн электроник эд ангиудыг үйлдвэрлэдэг байсан. Манай хот, тосгон, энгийн иргэд рүү харвадаг пуужингийн эд ангиудыг” гэж тэр хэлсэн байна.

Брянск мужийн нутагт оршдог Кремний Эл үйлдвэрт довтлоход Их Британийн нийлүүлсэн Storm Shadow пуужингуудыг ашигласныг Украины зэвсэгт хүчин мэдээлжээ. Уг үйлдвэр нь Оросын олон төрлийн пуужингуудын удирдлагын электроник эд ангиудыг үйлдвэрлэдэг гэнэ.

  Оросын орон нутгийн эрх баригчид уг “террорист” цохилтын үеэр зургаан хүний амь үрэгдэж, 42 хүн шархадсаныг мэдээлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Эдгээр пуужингуудыг Британийн мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр харвах боломжгүй нь тодорхой. Киевийн дэглэмийн ийм зэрлэг үйлдлийг таслан зогсоохын тулд цэргийн тусгай ажиллагааг бид эхлүүлсэн юм” гэж хэлжээ.

“Цэргийн тусгай ажиллагаа” нь 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн дайндаа Оросын эрх баригчдын өгсөн албан ёсны нэр томьёо юм.

Өнгөрсөн хугацаанд Оросын тал Украинд үзүүлж буй Өрнөдийн зэр зэвсгийн тусламжийг үргэлж шүүмжилж, үүнийг Өрнөдийн орнууд энэ дайнд шууд оролцож байгаагийн илрэл гэж анхааруулдаг байсан.

Гэхдээ тэд өөрсдөө бас Иран, Умард Солонгос зэрэг холбоотнуудаасаа зэр зэвсэг, хүн хүчний тусламж авдаг.

Тухайлбал Лхагва гарагт Украины хоёр дахь том хот Харьковт үйлдсэн халдлагад Оросын тал Ираны Шахед дрон ашигласныг Киевийн эрх баригчид мэдээлжээ.

Украины зүүн бүсийн Славянск хотод өчигдөр бас нэг халдлага гарах үеэр дөрвөн хүн алагдаж, 16 хүн шархадсан байна.

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайн сүүлийн үед мухардалд орсон ч талууд тулаанаа үргэлжлүүлсээр байгаа.

Оросын тал өнгөрсөн хугацаанд фронтын шугамын дагуу багахан ахиц дэвшил гаргасан бол сүүлд Украины тал сөрөг довтолж, зарим эзлэгдсэн газар нутгаа чөлөөлж эхэлснийг мэдээлж байна.

Зеленский өчигдөр ярихдаа Орос, АНУ-ын төлөөлөгчдийг оролцуулсан өөр нэг уулзалт ирэх долоо хоногт болж магадгүйг мэдээлжээ.

Энэхүү дайны галыг зогсоох яриа хэлэлцээнд гол саад болж буй асуудал нь Оросын хяналтад байгаа Донбассын бүс нутаг юм.

Энэ бүс нутаг нь Украины аж үйлдвэржсэн мужууд болох Донецк, Луганскийг багтаадаг. Оросын арми одоогоор энэ бүсийн 80 гаруй хувийг хянаж байгаа бөгөөд дайны галыг зогсоох нэг нөхцөлдөө Украины талаас бүрэн шилжүүлж өгөхийг шаардаж байгаа.

Харин Украины тал Донбассын үлдсэн хэсгээс цэргээ гаргаж,  бүрэн шилжүүлж өгөхийг эрс эсэргүүцэж байна.

 

Эх сурвалж: BBC