Д.Уранчимэг: Хүний биеэс хамгийн эрт хөгширч эхэлдэг хэсэг бол нүдний болор
"Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя" сэдвээр эмч нар мэдээлэл өгч байна.
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Уранчимэг "Дэлхий дээр 7.7 сая хүн глауком буюу нүдний даралт ихсэх өвчний улмаас хараагүй болсон байна.
Глауком өвчин бол харааны мэдрэлийг гэмтээдэг бүлэг өвчний нэг. Харааны мэдрэл нь эргэшгүй өөрчлөлттэй болсны улмаас сохрох, сул хараа үүсэх аюултай.
Ялангуяа 40, 50-аас дээш насныхан жилд 1-2 удаа нүдний даралт, харааны талбайгаа үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ энэ өвчин бүх насныханд тохиолдож болно.
Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулсан 50-аас дээш насны хүн амын судалгаанаар харахад сохрох эрсдэлийн 20 хувийг глауком өвчин эзэлсэн байна" хэмээн хэлэв.
Үргэлжлүүлэн эмч нар "Нүдний даралт ихсэх өвчний үед эхэн болон дунд үедээ ямар нэгэн шинж тэмдэггүй. Хожуу шатанд орсон үедээ шинж тэмдэг илэрдэг учраас нүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдаагүйгээс үүдэн өвчний төгсгөлийн үе шатандаа буюу хараа нь эргэшгүй өөрчлөгдсөн үед хандах нь түгээмэл байна.
Шинж тэмдэг:
Нүдний бүтэц болон нээлттэй, хаалттай өнцөгтэй эсэхээс шалтгаална. Шинж тэмдэг илэрсэн үедээ
- Хараа бүрсийж
- Нүд улайж
- Гэрэл харахад солонгон хүрээ татаж
- Харанхуйд харах чадвар мууддаг.
Нүдний даралтын хаалттай өнцөгтэй хэлбэрийн хүндэрсэн шатанд хараа огцом бүрсийх, нүд улайх, нүдний угаар өвдөх, толгой таллаж өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрдэг.
Нүдний даралт нь эхэн үедээ мэдрэгдэх зовуурь, шинж тэмдэггүй захын хараанаас эхлээд харааны талбайд алдагдал үүсгэдэг. Гэхдээ эхэн үедээ шинж тэмдэг төдийлөн ажиглагдахгүй ч та ямар нэгэн шинж тэмдгийг хүлээхгүйгээр нүдний эмчид жилд 1-2 удаа үзүүлж, тогтмол үзлэгт хамрагдах хэрэгтэй.
40-өөс дээш насны, гэр бүл нь нүдний даралтын удамшилтай хүн байвал илүү болгоомжтой хандах хэрэгтэй" хэмээн зөвлөв.
Нүдний даралт ямар хүмүүст ихэвчлэн тохиолддог вэ?
- Удамд нь нүдний даралттай хүн байсан эсэх
- Цусны даралт ихэсдэг хүмүүс
- Чихрийн шижинтэй хүмүүс
- Хол, ойрын хараа муу хүмүүс
Мөн "Хоёрдогч нүдний даралт өвчин гэж бас бий. Энэ нь нүдний үрэвсэлт янз бүрийн өвчний улмаас хоёрдогчоор нүдний даралт ихсэх тохиолдлыг хэлнэ.
Зүрх, судас болон бусад эрхтэн системийн гормоноор удаан хугацаанд эмчлэгдэж байгаа өвчний хүндрэлээр хоёрдогчоор нүдний даралт үүсэж болно.
Нүдний даралт ихсэх өвчнийг глауком гэж нэрлэдэг. Эртний грекээр “ногоорох” гэсэн утгатай үг.
Энэ үгийг лавшруулж үзвэл нүдний даралттай өвчтөн эмчлэгдээгүй, өвчний эцсийн шатанд орсон тохиолдолд эсвэл хурц хаалттай өнцөгт глаукомын давшлын үед нүднээс нь
- нулимс цийлгэнэх,
- нүдний эвэрлэг бүрхүүл хавагнах,
- хүүхэн хараа өргөсөх,
- нүдний уг ногоовтор болон саарал өнгөтэй харагддаг. Тиймээс энэ өвчнийг глауком гэж нэрлэсэн" гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад нүдний эмч дараах хариултыг өгсөн юм.
Сэтгүүлч: Дэлгэцийн ард олон цагаар суудаг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр үү?
Эмч: Дэлгэцийн хамаарал нүдний даралт ихсэх өвчнийг үүсгэхээс илүү нүдний хуурайшилтад маш их нөлөөлдөг. Манай улс өвөл, зуны улирал харгалзахгүй хуурай уур амьсгалтай. Хоёрдугаарт нарны хэт ягаан туяаны хамаарал бий.
Дэлгэцийн хэт туяатай орчинд ажилладаг хүмүүс бий. Тэд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй.
Сэтгүүлч: Нүдний болор цайх нь юунаас үүдэлтэй вэ?
Эмч: Хүний хамгийн эрт хөгширч эхэлдэг биеийн хэсэг бол нүдэн доторх болор. 18 нас хүрсэн хүний нүдний болор хатуурч байдаг. Ялангуяа 40-өөс дээш насанд нүдний болор хатуурснаар бүдэгхэн хардаг.
Дураараа биш дүрмээрээ гэдэг шиг жилд 1-2 удаа эмч нарт заавал үзүүлж байх ёстой.
Глаукомд нөлөөлөгч хэд хэдэн шалтгаан бий. Жишээ нь:
- Нүдний бүтэц нь богинохон, жижигхэн байвал нөлөөлж болно.
- Өндөр хасах шил зүүдэг. Ялангуяа хасах 9-10-аас дээш шил зүүдэг хүмүүст нүдний глаукомын нээлттэй өнцөгт хэлбэр тохиолдож болно.
Зарим өвчтөн цочмог давшилт болж ирэх глаукомын тохиолдлууд:
- харанхуй орчинд удаан байсан.
- Юм угаах, цэвэрлэх зэргээр толгойгоо доош харуулж байрласан үед болор хүндийнхээ жингээр хүүхэн харааг хаадаг. Тэгэхээр нүдэн доторх шингэн урсгалын зам хааснаас болж нүдний дотоод даралт ихсэж болно.
- Хэт халуун орчинд байх эсвэл хөлөө хүйтэн усанд дүрснээр хүндэрч болно.
Глаукомын цочмог давшил болж ирсэн нэг өвчтөн маань “Хүйтэн усанд хөлөө дүрсэн юм аа” гэж хэлж байсан. Энэ мэтчилэн олон төрлийн шалтаг шалтгаан болж болно.
Стресс, их уйлснаас ч шалтгаалж болно. “Солонгос кино үзээд их уйлаад” гэхчлэн олон төрлийн шалтгаан хэлдэг. Гэхдээ глаукомыг үүсгэж байгаа гол нөхцөл нь хүний нүдний бүтэцтэй маш их холбоотой.
Тэгэхээр өөрийнхөө нүдний онцлогийг та эмчээр л тодорхойлуулна шүү дээ. Тиймээс заавал эмчид үзүүлж зөвлөгөө авах ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




