Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ. 

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4,000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 онтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна. 

Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ. 

Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. 

Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна.