Зэвсгийн үйлдвэрт зочлохдоо Ким Жон Ун охиныхоо хамт шинэ гар бууны чадлыг шалгажээ
Өчигдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өсвөр насны охиныхоо хамт хөнгөн болон зөөврийн зэр зэвсгийн үйлдвэрт зочлохдоо шинэ гар бууны чадлыг шалгасан тухай тус улсын төв хэвлэл өнөөдөр өглөө мэдээлжээ.
Өнгөрсөн сард тус улсын эрх баригч намын цэргийн төв комисс шинэ гар бууны загварыг баталсны дараа үйлдвэрлэл эхэлсэн юм байна. Ким Жон Ун уг шинэ зэвсэгтэй танилцахаар охины хамт үйлдвэрт зочилжээ.
Солонгосын Төв Мэдээний Агентлагаас нийтэлсэн гэрэл зурагт адилхан савхин хүрэм өмссөн Ким Жон Ун болон түүний охин Жү Эй нар гар буугаар туршилтын талбайд гал нээж байгааг харуулсан байна.
Энэ үеэр Ким шинэ гар бууны гүйцэтгэл, хурд, ашиглалтын давуу талын талаар мэргэжилтнүүдээс мэдээлэл сонсож, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснийг дээрх мэдээнд өгүүлжээ.
Мөн тэрбээр өнгөрсөн сард болж өнгөрсөн намын их хурлаар батлагдсан таван жилийн төлөвлөгөөний хүрээнд тус үйлдвэрт шинэ шугам нээх талаар чухал зааварчилгаа өгсөн гэнэ.
Ким Жон Ун ирэх сард намынхаа цэргийн төв комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, зэр зэвсгийн үйлдвэрүүдийн шинэчлэл, гол гурван үйлдвэрийг шинэчлэх төсвийг хянахаар болсныг бас мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
