ОХУ-аас манай улсад онгоцны түлш нийлүүлэх хэлэлцээрийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж, гарын үсэг зуруулахад бэлэн болгожээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбартай холбоотой шийдвэрүүдийн талаар Г.Дамдинням сайд дараах мэдээллийг өгөв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж, эцэслэн батлуулах ажлыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.

2025 оны хавар энэ асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, гишүүдийн шаардлагын улмаас хэлэлцэх асуудлыг зогсоогоод байсан. Түүнээс хойш манай Засгийн газар хүч хөдөлмөр зарцуулж тасралтгүй хичээсний дүнд УИХ-ын гишүүдийн тавьж байсан саналуудыг хэлэлцээрт оруулах тохиролцоо хийж чадсан. Удахгүй хэлэлцээр хийх үйл ажиллагааг эхлүүлнэ.

УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, гарын үсэг зурах эрх авна. Ингээд гарын үсэг зурсны дараа УИХ-аар соёрхон батлуулна.

Хэлэлцээрийн хамгийн гол үр дүн нь ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээх тухай хоёр гэрээний нэг чухал хэлэлцээр юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монголд нефтийн бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэх үүргээ хууль ёсоор биелүүлдэг болно" гэв.