Итали улс Караважогийн зурсан ховор хөргийг хувь хүнээс 30 сая еврогоор худалдаж авав
Итали улсын засгийн газар 16-17 дугаар зууны үеийн барокко урсгалын мастер Караважогийн зурсан ховор хөргийг хувь цуглуулагчаас 30 сая еврогоор худалдан авч байгааг зарлажээ.
Энэ нь тус улсын засгийн газар урлагийн бүтээлийг хамгийн өндөр үнээр худалдаж авсан тохиолдлуудын нэг юм.
Хөрөгт хожим VIII Пап Урбанд өргөмжлөгдсөн санваартан Монсиньор Маффео Барберинийг дүрсэлжээ.
Флоренцын хувийн цуглуулгад хадгалагдаж байсан уг хөргийг 2024 онд Ром хотноо анх удаа олон нийтэд үзүүлж байсан юм.
Өөрийн бүтээлүүдийг амьд мэт харагдуулахдаа гэрлийн техникийг гарамгай эзэмшсэн Караважогийн бүтээлүүдээс өнөөдөр 65 орчим үлдсэн байдаг.
Эдгээрийн ердөө гурав нь хөрөг зураг юм. Италийн эрх баригчид худалдаж авсан бүтээлээ хөргийн эзний түүхэн гэр болох Ром хотын Палацо Барберини өргөөнд шилжүүлжээ.
Удахгүй түүнийг зураачийн бусад бүтээлүүдтэй хамт нийтэд үзүүлэх юм байна.
1598 онд зурсан энэ хөрөгт Барберинийг баруун гараа урагш сунгаж, бусдад зааварчилж байгаагаар харуулжээ.
Барберини 1623 онд Ромын папын суудалд заларч, 1644 онд нас барах хүртлээ католик шашны тэргүүнээр ажилласан юм.
Түүнийг урлагийн алдартай ивээн тэтгэгч байсан гэдэг.
Жинхэнэ нэр нь Микеланжело Мериси байсан Караважо 1610 онд 38 насандаа таалал төгсөж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
