УИХ-ын даргын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр "IZ" буюу Г.Ирээдүйг томилжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд "IZ" нэрээрээ танигдсан Г.Ирээдүй Улсын Их Хурал (УИХ)-ын дарга Н.Учралын Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ.

Г.Ирээдүй нь 1995 онд төрсөн бөгөөд энэ сарын 20-нд 31 нас хүрэх юм.

Тэрбээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Хэлний боловсролын сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийг 2011 онд, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжлээр 2015 онд төгсжээ. 

2016 оноос Youtube платформоор өөрийн бичлэгээ байршуулж эхэлснээр олонд танигдсан Г.Ирээдүй 2024 оноос Монгол Ардын Нам (МАН)-ын дэргэдэх Социал Демократ Залуучуудын Холбоо (SDY Mongolia)-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Улмаар тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Учралын Залуучуудын оролцооны бодлогын зөвлөхөөр томилогджээ. Өнгөрсөн онд Н.Учралыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахад эдийн засгийн бодлогын стратеги хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв.

Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсоноор Г.Ирээдүйг өнгөрөгч хоёрдугаар сараас зөвлөхөөрөө ажиллуулах болжээ.