АНУ-ын засаг захиргаа өчигдөр Венесуэлийн засгийн газрын өмч болох нисэх онгоцыг хориг арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр хурааж авсан байна.
Төрийн Нарийн бичгийн дарга Марко Рубиог өчигдөр Бүгд Найрамдах Доминикан Улсад айлчлах үеэр онгоцыг хүлээлгэн өгчээ.
Доминиканы прокурорууд тус улсын нийслэл Санто-Доминго хотын цэргийн нисэх буудалд Венесуэлийн далбаатай Dassault Falcon 200 загварын нисэх онгоцыг АНУ-ын холбогдох албаныханд шилжүүлэн өгсөн юм.
Венесуэлийн засгийн газар онгоцондоо засвар үйлчилгээ хийлгэхээр өнгөрсөн онд Доминиканд хүргэснийг нь АНУ-ын хүсэлтээр саатуулсан байна.
Венесуэлийн эрх баригчид уг онгоцоор Грек, Турк, ОХУ, Никарагуа, Куба улсуудад зорчиж байжээ.
Мадурогийн засгийн газрын газрын тосны сайд бас энэ онгоцоор 2019 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж, тэнд зохион байгуулагдсан OPEC-ийн чуулганд оролцож байв.
Өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгч Байдены засаг захиргаа Венесуэлийн өөр нэг онгоцыг мөн Доминиканд ирэхэд нь хурааж авсан юм.
Тэр онгоцыг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро гадаад айлчлалдаа ашигладаг байжээ.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп олон жилийн өмнөөс Мадурогийн дэглэмийн эсрэг хатуу чиг шугам баримталсаар ирсэн.
Гэхдээ тэр эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Мадурогийн дэглэмийг унагаж чадаагүй. Өнгөрсөн долоо хоногт Трампын тусгай элч Ричард Гренелл нийслэл Каракас хотод зочилж, Венесуэлийн шоронд хоригдож байсан АНУ-ын зургаан иргэнийг суллуулсан юм.
Талуудын уулзалт “харилцан хүндэтгэлтэй” болж өнгөрснийг Венесуэлийн албаны эх сурвалж мэдээлж байв.
Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй албаны эх сурвалжууд ингэсний хариуд Мадурогийн дэглэмийг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй байгаагаа дараалан мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!