Японы бэйсболын супер од Шохэй Отанигийн орчуулагчаар олон жил ажилласан Иппей Мизүхараг Лос-Анжелес хотын шүүхээс гэм буруутай гэж үзсэн тул 57 сарын ял оноолоо.
Шүүхээс түүнийг албан тушаалаа буруугаар ашигласан, татвараас зугтсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн юм.
Мөн түүнийг нэрт тамирчны орчуулагчаар ажиллаж байхдаа хулгайлсан ойролцоогоор $17 саяыг эргүүлэн төлөх, $1 саяыг татварт төлөх шаардав.
Мизүхара шоронд ялаа дуусгасны дараа гурван жилийн тэнсэнтэй суллагдана. Энэ хугацаанд хар тамхины шинжилгээ өгч, донтолтын эсрэг эмчилгээнд үргэлжлүүлэн хамрагдах юм.
Түүнийг ялаа эдэлж дууссаны дараа АНУ-аас албадан гаргахаар төлөвлөжээ.
Япон эр 45 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Одоогоор дараагийн шатны шүүхэд хандах эсэх нь тодорхойгүй байна.
Мизүхара нь нэрт тамирчин Шохэй Отаниг 2018 онд АНУ-ын бэйсболын Дээд лиг болох MLB-д элссэн цагаас хойш орчуулагчаар нь ажиллаж байсан юм. Өнгөрсөн жил спорт бооцоонд их хэмжээний өрөө дарахын тулд нэрт тамирчны данснаас мөнгө завшсан нь тогтоогдсон.
Үүнээс гадна тус бүр нь $325,000 үнэ хүрэх тамирчны гарын үсэгтэй тусгай картыг худалдсан. Олсон орлогоосоо $4.1 саяыг татварт огт тайлагнаагүй болохыг шүүхээс тогтоосон байна.
Мизүхара 2022 онд татварын тайлангаа хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Энэ хэргийн талаар АНУ-ын прокурор Жозеф МакНалли сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Ноён Мизүхара үйлчлүүлэгчийнхээ онцгой итгэлийг олж, мөрөөдлийн ажлаа хийж байсан ч энэ давуу эрхээ буруугаар ашигласан. Үр дүнд нь тэр шоронд олон сар суух болно" гэж ярьжээ.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Мизүхара Отанигаас уучлалт гуйжээ.
Спорт бооцоог Калифорниад хориглодог ч АНУ-ын 38 мужид хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн MLB нь спорт бооцооны эсрэг хатуу дүрэм баримталдаг юм.
Түүний шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сард болох ёстой байсан ч Отанигийн "Лос-Анжелес Доджерс" шигшээ цувралд өрсөлдөж байсан тул шүүх хурлыг хойшлуулсан аж.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!