Уншиж байна ...

Ниссан компани Хондатай нэгдэх яриа хэлэлцээнээс гарахаар бэлдэж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы хоёр ба гурав дахь том автомашин үйлдвэрлэгчид болох Хонда, Ниссан компаниуд нэгдэх яриа хэлэлцээ эхлүүлж байгааг зарлаж байв.

Мицүбишиг оролцуулсан энэ нэгдэл дэлхийн гурав дахь том авто үйлдвэрлэгчийг төрүүлэхээр байлаа.

Гэвч талуудын байр суурь олон зүйл дээр зөрчилдсөн тул $60 тэрбумын дүнтэй энэ наймаа бүтэлгүйтэх замдаа орсныг уг асуудалд ойр ажиллаж буй эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Мухардалд орсон Ниссан яриа хэлэлцээгээ дуусгахаар бэлдэж эхэлсэн бөгөөд цахилгаан автомашины шилжилтэд нь туслах чадвартай технологийн компаниудыг ирээдүйн түншээрээ хайхаар болж буйг эх сурвалж мэдээлсэн байна.

Тухайлбал iPhone-ийг үйлдвэрлэдэг Тайванийн Foxconn компани нэг боломжит хувилбараар тодроод байгаа гэнэ.

Ниссан яриа хэлэлцээнээс гарах сургаар өчигдөр тус компанийн хувьцааны ханш 7.3 хувиар өссөн бол Хонда компанийнх 4 хувиар унасан байна.

Өнгөрсөн онд Хонда 3.7 сая, Ниссан 3.1 сая буюу ойролцоо тооны автомашин үйлдвэрлэжээ.

Гэхдээ Хондагийн зах зээлийн үнэлгээ нь Ниссаныхаас тав дахин их байдаг. Хоёр компани сүүлийн улирлын санхүүгийн үр дүнгээ хоёрдугаар сарын 13-ны өдөр хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Энэ үеэр хоёр компанийн яриа хэлэлцээний талаар албан ёсны мэдээлэл гарах бололтой.

 

Эх сурвалж: AFP