Энэ долоо хоногийн эхээр Израилийн ерөнхий сайдыг Цагаан ордонд хүлээн авч уулзсаныхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп палестинчуудын газар нутаг болох Газын зурвасыг эзэмших санааг анх удаа илэрхийлсэн билээ.
Ингэхдээ тэр тэнд амьдардаг хоёр сая гаруй хүнийг өөр газар оронд нүүлгэн шилжүүлэх тухай ярьсан юм.
Тэгвэл Израилийн арми сайн дураар Газын зурвасаас гарч явах хүсэлтээ илэрхийлсэн палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр бэлдэж эхэлжээ.
Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац “Газын иргэд шилжилт хөдөлгөөн хийх, цагаачлах эрх чөлөөгөө эдлэх ёстой бөгөөд Хамасын эсрэг явуулж буй дайнд шүүмжлэлтэй ханддаг улс орнууд тэднийг хүлээн авах үүрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдахдаа 1,200 орчим хүний амийг хөнөөж, 251 хүнийг барьцаалсан юм.
Үүний хариуд Израилийн арми сүүлийн 15 сарын турш Газын зурвасыг бөмбөгдөж, үнсэн товрог болгоод байгаа.
Энэ хугацаанд Газын зурваст 47,550 орчим хүн алагдаж, 111,600 орчим хүн шархадсаныг Хамасын захиргаа баталдаг.
Газын бүх барилга байгууламжийн бараг 70 хувь нь устсан гэдэг.
Израилийн батлан хамгаалахын сайд өчигдөр Х хуудсандаа АНУ-ын ерөнхийлөгчийн “зоригтой санаачилга”-ыг магтсан байна.
Тэр бас армийн удирдлагууддаа “Газын зурвасаас гарахыг хүссэн оршин суугчдыг хүлээж авахыг хүссэн аль ч улс руу нь явуулах бэлтгэл хангах” даалгавар өгснөө мэдээлжээ.
“Төлөвлөгөөнд хуурай газраар, далай тэнгисээр, агаараар нүүлгэх боломжит хувилбарууд багтана. Газын зурваст хийсэн үйлдлийнх нь төлөө Израиль улсыг хилсээр буруутгаж байсан Испани, Ирланд, Норвеги болон бусад улсууд палестинчуудыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх хууль ёсны үүрэгтэй. Хэрвээ татгалзвал тэдний хоёр нүүртэй зан илчлэгдэх болно” гэж Кац бичсэн байна.
Хамасын засаг захиргааны төлөөлөгч Басем Наим түүний мэдэгдлийг “Газын дайнаар ямар ч амжилт олж чадаагүй улсын гэм буруугаа нуун дарагдуулах гэсэн оролдлого” гэж дүгнээд палестинчууд хаашаа ч нүүх хүсэлгүйг мэдэгджээ.
Палестины ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч “Палестин, түүний газар нутаг, түүх, ариун дагшин газруудыг худалдахгүй” гэж мэдэгдсэн байна.
Бас Газын зурвас болон Баруун эрэгт оршин сууж буй нийт палестинчуудад “газар нутгаасаа ганц алхам ч ухрахгүй байх”-ыг уриалжээ.
“Палестины ард түмэн, түүний удирдагчид 1948, 1967 онуудын сүйрлийг давтахыг хүсэхгүй” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
1948 онд Израил улсыг байгуулах үеэр дэгдсэн дайны улмаас олон зуун мянган палестин хүн орон гэрээсээ дүрвэж байжээ.
Дүрвэгчдийн нэг хэсэг нь Газын зурваст суурьшсан бөгөөд тэдний үр удам одоо хүн амынх нь дөрөвний гурвыг бүрдүүлдэг.
Өөр 900,000 орчим дүрвэгч Палестины газар нутгийн нэг хэсэг болох Йордан голын баруун эрэгт суурьшиж байжээ.
1967 оны Ойрх Дорнодын дайнаар Израиль улс Газын зурвас болон Баруун эргийг эзлэн авсан юм.
Израилийн хяналтад байдаг Палестины газар нутгаас гадна Йордан, Сири, Ливан зэрэг хөрш зэргэлдээ улсуудад 3.4 сая орчим палестин дүрвэгч оршин сууж байна.
Газын зурвасыг палестинчуудаас чөлөөлж, АНУ-д шилжүүлэх Трампын санааг Арабын орнууд, НҮБ эсэргүүцсэн байр суурь илэрхийлцгээж байгаа.
Эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүмүүсийг албадан шилжүүлэхийг олон улсын хууль дүрмийн дагуу хатуу хориглох ёстойг НҮБ-ын хүний эрхийн байгууллага саяхан анхааруулж байв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “ямар нэг хэлбэрээр үндэстний цэвэрлэгээ явуулахаас зайлсхийх нь чухал” гээд Газын зурвас нь ирээдүйн Палестин улсын салшгүй хэсэг байх ёстойг мэдэгджээ.
Лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч болон төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Трампын мэдэгдлийг залруулж байв.
Гэвч өчигдөр Трамп байр суурь нь хэвээр байгааг дахин илэрхийлжээ.
“Дайн дууссаны дараа Израиль улс Газын зурвасыг АНУ-д шилжүүлэх болно. Палестинчууд бүс нутагтаа илүү аюулгүй, илүү сайн сайхан нийгэмд амьдрах ёстой. Энэ бол тэдний аз жаргалтай, айх аюулгүй, эрх чөлөөтэй амьдрах боломж юм” гэж Трамп өөрийн эзэмшлийн сошиал хуудсандаа бичсэн байна.
Тэр бас Газын зурвасыг тогтвортой байдлыг хангахад АНУ-ын цэргийг оролцуулах шаардлагагүйг энэ үеэр илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!