Индэр    
2 цаг 3 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г.Нямдорж: Анх удаа зээл авсан болон 20 жилийн хугацаанд зээл аваад төлж байсан хүний оноо өөр өөр бодогдоно

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас иргэн бүр зээлийн оноотой болж, түүнийгээ E-mongolia платформоос шалгах боломжтой болсон. Энэхүү онооны системийг ашиглахаас өмнө нь иргэнийг "сайн" эсвэл "муу" зээлдэгч гэж ангилж, муу зээлтэй иргэнд зээл олгохгүй байх нөхцөл үүсээд байсан. Харин FICO зээлийн оноог нэвтрүүлснээр иргэн зээлээ хэр сайн төлж байгааг 300-850 оноогоор хэмжих боломжтой болсон байна.

Зээлийн онооны систем гэж юу болох, хэрхэн ашигладаг, хэрэгжиж эхэлснээс хойш ямар үр дүн гарсан талаар "Титан Си Ар Эй ЗМС" ХХК буюу "Сайнскор"-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдоржтой ярилцлаа.


- Зээлжих зэрэглэлийг тооцоолох Fico онооны талаар мэдээлэл өгнө үү. Энэхүү оноо нь нийгмийн харилцааны ямар асуудлыг зохицуулах зориулалттай үйлчилгээ вэ?  

- Манай байгууллага зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу банк, санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн мэдээллийг цуглуулах, мэдээллийн сан үүсгэх, зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлийн оноо тооцоолдог.

Бид зээлийн мэдээллийн санд цугларсан иргэний зээлийн мэдээллийг хуулийн дагуу боловсруулж зээлийн онооны шинэ үйлчилгээг зах зээлд 2024 оны есдүгээр сард нэвтрүүлсэн. Олон улсад банк, санхүүгийн байгууллагууд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас эрхлэн гаргасан зээлийн оноог гол шалгуур үзүүлэлт болгодог.

Fico score буюу зээлийн оноог тооцохдоо тухайн иргэний зээлийн мэдээлэлд үндэслэдэг. Тухайн иргэн зээлээ эргүүлэн төлж чадахгүй байх эрсдэл ямар хэмжээнд буйг тодорхойлох зорилготой 300-850 хүртэлх оноог хэлж байгаа юм. Зээлийн оноо бага буюу 300 байх нь тухайн иргэн зээлээ эргүүлэн төлж чадахгүй байх эрсдэлтэйг  харуулж байгаа.

Харин сайн буюу 850 хүртэлх оноотой байх нь эрсдэл харьцангуй бага байна гэдгийг илэрхийлдэг. Энэ оноог санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллага ашиглах боломжтой. Төрийн аливаа үйлчилгээнд энэ зээлийн онооны аргийг одоогоор ашиглахгүй байгаа гэдгийг иргэдэд сануулъя.

Банкууд зээлийн мэдээллийн лавлагааны хуудас дээрх хэдхэн мэдээллийг харж шийдвэр гаргах бус зээлийн оноо, зээлийн дэлгэрэнгүй тайланг ашиглах цаг ойрхон байна. Ингэж чадвал зээл олгож буй байгууллага эрсдэлээ бууруулах, хүмүүс зээлийн хүсэлтээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болно. 

"Зээл авч үзээгүй болон зээлийн мэдээлэлд нь урт хугацаанд өөрчлөлт ороогүй тохиолдолд зээлийн оноо бодогдохгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Зээлийн оноог ямар аргачлалаар боддог вэ?

- Зээлийн онооны аргачлал ярихаас өмнө ямар мэдээлэл ашигладаг талаар мэдэх ёстой. Зээлийн мэдээллийн санд тухайн хүний авсан зээл, хүү, эргэн төлөлтүүд гэсэн олон мэдээлэл бий. Энэхүү мэдээллүүдийг бид боловсруулаад оноо болгож байгаа юм. Тухайн хүн зээлээ хэр сайн төлдөг, гэрээгээ хэрхэн биелүүлдэг, хариуцлагатай зээлдэгч байж чадах эсэхийг оноогоор илэрхийлж байгаа.

Зээлийн ангилал “муу” буюу чанаргүй зээлтэй байгаа иргэнд зээл өгөхгүй байх тохиолдол их байдаг. Харин зээлийн онооны давуу тал нь зээлдэгчийн эрсдэлийг “сайн эсвэл муу” гэхгүйгээр 300-850 оноо өгдөг. Өөрөөр хэлбэл зээлийн оноог харгалзан зээлийн уян хатан нөхцөл санал болгох боломжийг банк, санхүүгийн байгууллагуудад олгож байна.

Харин бага буюу 300-500 оноотой хүний хувьд зээл олгохгүй гэсэн үг биш. Тухайн хүнд зээл олговол эрсдэл байгаа шүү гэдгийг оноогоор илэрхийлж өгнө. Эрсдэлийг маш сайн тооцоолж зээл олгох эсэх шийдвэрийг банк, банк бус санхүүгийн байгууллага гаргана. 

Цаашид банк, санхүүгийн байгууллагууд өндөр зээлийн оноотой хүнд илүү тааламжтай нөхцөлөөр, түргэн шуурхай зээл олгож эхлэх ба зээлдэгч иргэд маань өөрийн зээлийн оноогоо бууруулахгүй байхад анхаардаг шинэ соёлыг бид бүрдүүлэхээр хичээж байна.

Дэлхийн 100 гаруй улсад ашиглагдаж байгаа FICO загварын дагуу зээлийн оноог тооцоолж байгаа. Зээлдэгч иргэний зээлийн мэдээллийн санд байгаа “зээлийн эргэн төлөлт”, “зээлийн нэр төрөл”, “зээлийн хэмжээ”, “зээлийн үлдэгдэл” зэрэг маш олон үзүүлэлтийг харгалзан зээлийн оноог тогтооно. Тухайлбал зээлийн төлбөрөө байнга хоцроодог хүн бага оноотой, зээлээ цаг тухайд нь төлдөг хүний оноо харьцангуй өндөр байх юм.  

Дараагийнх нь зээлийн үлдэгдэл. Маш өндөр зээлийн үлдэгдэлтэй бол оноонд сөргөөр нөлөөлөх боломжтой. Гэхдээ зээлээ цаг тухайд нь төлөөд байвал оноонд сайнаар нөлөөлнө. Мөн урт хугацааны зээлийн түүхтэй байвал оноонд сайнаар нөлөөлж болно. Анх удаа зээл авсан хүн болон 20 жил зээл авч төлөөд явж байсан хүний оноо өөр өөр гарна. Зээл авч үзээгүй болон зээлийн мэдээлэлд нь урт хугацаанд өөрчлөлт ороогүй тохиолдолд зээлийн оноо бодогдохгүй.

Зээлийн оноог хуульд заасны дагуу сүүлийн зургаан жилийн хугацаанд хамаарагдах зээлийн мэдээллийг ашиглаж тооцож гаргана. Тухайн хүний зургаан жилийн дотор авсан, хаасан зээлийн мэдээллийг үндэслэж оноо өгч байгаа юм.

Тухайн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд нь өөрчлөлт орсон, зээл судлуулах зорилгоор лавлагаа мэдээлэл авсан бол Fico зээлийн оноо өдөр өдөртөө шинэчлэгдээд явж байгаа.

- Энэ оноо төрийн үйлчилгээнд ашиглах, хилээр гарах эсэхэд нөлөөлөх үү?

- Манай байгууллага хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зээл авч, өгч байгаа хүмүүсийн хэрэглэдэг мэдээллийг үнэн зөв бодож өгөх үүрэгтэй. 

Зээлийн оноог зарим оронд үл хөдлөх хөрөнгө түрээслэх, даатгал гэх мэт салбарт ашигладаг. Тухайн хүн зээлээ хэр сайн төлдөг эсэхийг илэрхийлж байгаа. Өмнө нь байсан зээлийн лавлагааны хуудас нь Fico score буюу зээлийн оноо гэх шинэ төрлийн бүтээгдэхүүн болсон гэсэн үг. Зээлийн оноо нь төрийн үйлчилгээг авах эсэхийг шийдэх зорилготой биш. 

- Зарим иргэн СӨХ болон торгуулиа төлөхгүй урт хугацаанд явдаг. Энэ байдал зээлийн оноонд нөлөөлөх үү?

- Иргэний зээлийн оноог тооцоолоход зөвхөн зээлийн мэдээллийг үндэслэн оноо гаргаж байгаа. Харин сууц өмчлөгчийн холбооны төлбөр, байрны төлбөр, цахилгааны төлбөр болон торгуулийн өр төлбөрийг зээлийн оноонд тооцохгүй.

Манай байгууллага хоёр жил ажилласны үр дүнд энэ онооны загварыг гаргаж авсан. Одоогийн байдлаар Монголд зээл олгож буй 600 гаруй байгууллага бий. Тэдний өдөр тутамд явуулж буй зээлийн мэдээллийг боловсруулж, сайжруулж, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд зээлийн хүртээмж маш сайжирч, аппликэйшн болон цахим зээлийг дуртай цагтаа авах боломжтой болсон байгаа нь том дэвшил.

Гэхдээ зээлийн хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ зээлийн эрсдэлийг зөв тодорхойлог, зээлийн шийдвэрийг шуурхай, оновчтой гаргах, зээлдэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх нь зээл олгогч байгууллагуудын тулгамдаж байгаа асуудал юм. Хэрэв иргэн өөрийн зээлийн оноотой санал нийлэхгүй байвал манай байгууллагын сошиал сувгууд болон утсаар, эсвэл биечлэн ирж холбогдон санал, хүсэлтээ хэлж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

"Байгууллагуудын зээлийн мэдээлэлд тулгуурлаж оноо бодохгүй"

- Зээлийн онооны систем Монголбанкны "хар жагсаалт" гэх зүйлийг хэрхэн шийдэх вэ? 

- Манай байгууллага Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банк санхүүгийн байгууллагуудтай өдөр тутамд хамтран ажиллаж байдгийн хувьд “хар жагсаалт” гэх зүйл байдаггүй гэдгийг хэлье.

Банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь “муу” ангилалд орж байгааг иргэд буруугаар ойлгож “хар жагсаалтад орчихлоо, дахин хэзээ ч зээл авах боломжгүй боллоо” гэж ярьдаг. Үнэндээ бол зээл олгосон байгууллага өөрийн зээлийг эрсдэлд орж байна, эрсдэлийн төвшин “муу” ангилалд байгаа гэдгийг л илэрхийлж байгаа утгатай.

Fico зээлийн оноо энэ ойлголтыг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Тухайн хүний зээлийг сайн муу гэж ангилахгүйгээр оноо нь өндөр эсвэл бага гэж ялгана. Зээлийн оноо өгөх үйлчилгээ манай улсад шинэ зүйл юм. Гэхдээ энэ оноо нь зээл авах цор ганц шалгуур биш. Олон судалгааны материалын нэг хэсэг нь Fico оноо юм. 

Зээлийн оноо нь зээл авах гэж байгаа хүмүүст маш их ач холбогдолтой. И-Монгол руу ороод харангуут одоогоор зээлийн лавлагааг л харуулдаг. Хувь хүний зээлийн мэдээлэлд оноо өгдөг болсноор цаашдаа ямар боломж байгааг түргэн шуурхай тодорхойлох юм. 

Зээлийн оноог тухайн хүн өөрийнхөө санхүүгийн шийдвэрийг гартаа оруулж авлаа хэмээн харах ёстой. Санхүүгийн шинэ соёлыг Монголд нутагшуулах зорилготой. Ингэхдээ зөвхөн иргэний л зээлийн мэдээлэлд тулгуурлан оноог бодно. Байгууллагуудын зээлийн мэдээлэлд тулгуурлаж оноо бодохгүй. 

- Ярилцсанд баярлалаа.