Индэр    
2025 оны 10 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Эрдэнэс Оюу-Толгой"-гоос $20 сая аваад зарцуулалтыг нь нууцалсан талаар ил яригдсан баримтууд

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны аравдугаар сард Монголын улс төр нэлээд бужигнаантай өрнөж байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 35 жилийн хугацаанд анх удаа нэг өдрийн дотор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулав. 

МАН-ын томчууд эрх мэдлийн төлөө "тулалдах" явцдаа Оюутолгой төслийн толгой компани болох Рио Тинтогоос 20 сая ам.доллар зээлсэн гэх асуудал яригдсан нь анхаарал татах сэдэв байлаа.


Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүг өөрчлөх эсэхийг долоон жил тутамд эргэн хардаг бөгөөд энэ онд тус асуудлыг хэлэлцэхээр Засгийн газар ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн зүгээс Оюу толгой төслийн Монголын талд ногддог 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит "Эрдэнэс Оюу-Толгой" компанийн санхүүгийн нөхцөл байдалтай танилцах үеэр 20 сая ам.долларыг албаны нууцын тамга дарж, зарцуулсан асуудлыг дэлгэсэн.

Энэ мөнгийг 2021-2025 онд ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд асан Ч.Номин нар "ашигласан" байж болзошгүй байгаа юм. Ингэхдээ төрийн өмчит "Эрдэнэс Оюу-Толгой" компани 2021 онд Оюутолгой төслийн зээлийн хүүг тэглэх ажлыг зохион байгуулахдаа зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр 20 сая ам.долларыг гаргуулжээ. 

20 сая ам.долларын 1.9 саяыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын "Монгол хаан" жүжигт өгсөн тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьсан байна.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" зохиолыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар 2023 оны сүүлээр Лондон хотноо тоглуулж байв. Тухайн үед төрөөс ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр жүжгийг тавьсан хэмээн уран бүтээлийн баг мэдээлж байсан.

Тухайлбал “Монгол Хаан” жүжгийн продюсер А.Амундра өнгөрсөн жил манай сайтад өгсөн ярилцлагадаа "Англид тоглоход нийт 2.7 сая паундын зардал гарсан. Хоёр сая паунд нь уран бүтээлчдийн болон урсгал зардал, харин 700 мянга нь тоног төхөөрөмжийн зардал байсан. Англи руу 150 хүний бүрэлдэхүүнтэй явахад хоёр сая паундын зардал гарсан. Үүнд хувцас хэрэглэл, буудал, хоол цайны зардал багтдаг. Мөн гадаадын продюсерын ажлын хөлс ч багтаж байгаа. 

Нэг зүйлийг тодруулж хэлье. Бид өнөөдрийг хүртэл улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. “Херо энтертайнмент”- ийн 50 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 50 хувийг Б.Баатар найруулагч эзэмшдэг" гэж байсан.

Гэвч саяхан өрнөсөн улс төрийн бужигнаан дунд Лондонд байршилтай компаниар дамжуулж "мөнгө угаасан" гэх баримтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр баримтыг дэлгэсэн юм.

Б.Энхбаяр: 2021 оны арваннэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио тинто компаниас 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "2021 оны арваннэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио тинто компаниас 20 сая ам.доллар авах гэрээ хийсэн. Үүнийг юунд зарцуулах вэ гэсэн чинь "гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардал" гэх маш ерөнхий байдлаар шийдвэрлэж байсан. 

Энэ гэрээнд "Эрдэнэс-Оюу-Толгой" компани албаны нууцын тамга дарсан. Өөрөөр хэлбэл хууль бусаар нууц биш асуудалд албан нууцын тамга дарсан асуудлыг Тагнуулын байгууллага тогтоосон. 20 сая ам.доллароос 18 саяыг нь зарцуулсан байна.

Үүний 1.9 сая ам.долларыг Англи улсад бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан хоёр гишүүнтэй Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Гэрээ байгуулсан компанийн өөрийнх нь ирүүлсэн тайланд байгаа нууцын тамгатай тайланг миний бие ил болгосон. Энэ гэрээтэй холбоотой маш олон асуудал шалгагдана. Мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй юу, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг шалгана.

Рио тинто компани 20 сая ам.долларыг Монголын Засгийн газарт өгье гэдэг шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Монголын Засгийн газар үрэх шийдвэр гаргачихсан байна. Тэгэхээр хэн нэгэн хүн ам тохиролцоо хийж, 3-4 жил зарцуулсан. Юунд зарцуулсан гэдэг гэрээний тайландаа нууцын тамга дарсан байна.

Яг ижилхэн ажил дээр хоёр гэрээ хийчихдэг. Жишээлбэл нэг нь жинхэнээсээ ажил хийдэг олон улсад нэр хүндтэй зөвлөх үйлчилгээний компани, нөгөө нь халхавчилж мөнгө угаах шинжтэй, магадгүй өөрсдөө байгуулсан байж болохуйц компани юм. 

Засгийн газрын энэ оны есдүгээр сарын 24-ний хуралдаанаар тус нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэж, ил болгосон. Atticus Partners Ltd компани нь Гадаад харилцааны яам болон emongolia-тай хамтарч ажилласан гэж мэдэгдэл гаргасан. Гадаад харилцааны яам "уучлаарай би таныг танихгүй" гэж хэлээд байгаа. 

Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад айлчлалыг зохион байгуулсан гэдэг асуудал байна. Гэтэл тэр компанийн тайланд зөвхөн Ч.Номин гишүүний гадаад айлчлалын мэдээнүүд байгаа юм" гэв.

Энэхүү бужигнаан дунд ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс тухайн асуудлын талаар сэтгүүлчид Төрийн ордонд тодруулсан. Гэвч тэрбээр тухайн баримтыг үгүйсгэж УИХ-ын Б.Энхбаярыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол хаан жүжиг тоглогдож байх үед постерийг нь аваад хэвлэчихсэн юм байна, өөр юу ч байхгүй

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэнтэй холбоотой зөвлөх үйлчилгээний хэд хэдэн компани авсан, зарим нь нууцад бий. Atticus Partners Ltd компанийн тайланг би авч үзсэн. Монгол хаан жүжиг тоглогдож байх үед постерийг нь аваад хэвлэчихсэн юм байна, өөр юу ч байхгүй.

Н.Цэрэнбат: Гадаадын зөвлөх үйлчилгээ авсан Засгийн газрын тэмдэглэлтэй гэрээ маань одоогийн байдлаар нууцын зэрэглэлтэй хэвээрээ байгаа

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Эрдэнэс Оюу-Толгой" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат яагаад нууцын зэрэглэлд авсан талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм. 

Тэрбээр "Оюутолгой төсөлтэй холбоотой Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг тэглэхтэй холбоотой гадаад, дотоодын зөвлөх компанитай гэрээ байгуулсан.

"Эрдэнэс Оюу-Толгой" компанийн ТУЗ-ийн тогтоол нь ил, зарцуулалтын тайлан нь нууцад байгаа. Гадаадын зөвлөх үйлчилгээ авсан Засгийн газрын тэмдэглэлтэй гэрээ маань одоогийн байдлаар нууцын зэрэглэлтэй хэвээрээ байгаа. Гэрээ албан ёсоор нууцаас гарсан бичиг ирээгүй учраас би тодорхой ярьж болохгүй байна" гэсэн.

Д.Батлут: Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж аваад нөгөөгөө гаднын хэвлэлд өгч бичүүлдэг байх жишээний

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Эрдэнэс Оюутолгой" компаниас их хэмжээний мөнгө авсан талаар мэдэгдэл хийж байв.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Сүүлийн хэд хоног бид булайгаа дэлгэж байна. Нэг нь төрийн мөнгөнөөс хумсалж аваад нөгөөгөө гаднын хэвлэлд өгч бичүүлдэг байх жишээний. Өнгөн дээрээ шударга дүртэй хүмүүс, яг начир дээрээ юу ч байхгүй. 

Оюутолгойн гэрээг сайжруулъя, Монголын ард түмэн ашиг шим хүртдэг байя гэж дарцагласан нөхөд байгаа. Гэтэл хэдэн арван саяар нь Оюутолгойгоос мөнгө аваад Монголоо сурталчлах нэрийдлээр гаднынханд өгөөд угаасан баримтууд гарч ирлээ. Үүнийг авлига авсан гэж хэлэхгүй юу гэж хэлэх вэ. 

Студиэ хэдэн сая ам.доллароор тоноглоод хаячихсан. Үүний дараа Оюутолгой төслийг сайжруулах ард түмэн өгөөжтэй болгоё гэж ярьж чадах юм бэ. Долоон тэрбум төгрөг Эрдэнэс Оюутолгойгоос аваад студиэ шинэчлээд янзалчихсан байх шиг. 

Английн хөлбөмбөгийн багийн хувцас хэрэглэл авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргачихсан байх шиг ямар баян юм бэ. Монголын хөлбөмбөгийн баг ямар байгааг мэдэж байгаа юу. Ийм арчаагүй үйлдэл хийж байгаа нь үнэхээр гутамшигтай. Иймэрхүү зүйл хийж явахаа болимоор байна. Хүний мэдэх эрхийг хязгаарлахгүй УИХ-аар сонсгол хийж явдаг нь авууштай.

Ч.Номин: Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Харин Соёлын сайд асан Ч.Номин өнгөрсөн жилүүдэд Монголыг гадаадад сурталчлах ажиллагаанд хэр мөнгө зарцуулсан талаараа мөн энэ үеэр мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Английн үндэсний телевиз BBC, АНУ-ын CNN, дэлхийн тэргүүлэгч маркетинг, брэндингийн компани Edelman, мөн түүний сувгаар National Geographic, Time Magazine, CNBC, БНХАУ-ын 400 сая хэрэглэгчтэй аяллын платформ Trip.com зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.

Үр дүн нь ч тодорхой гарсан. BBC 177 сая, CNN 270 саяд хүрсэн бол хөл бөмбөгийн баг Fulham 215 сая хүнд манай улсыг  сурталчилсан. Ингээд харахаар олон улсын байгууллагуудтай хамтарч Монголоо сурталчлах ажил маань  670 сая гаруй хүнд хүрсэн.

2023–2026 оныг дамнасан гэрээний хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг  хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан. Нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн гэсэн үг.

ОХУ-ын Эрмитаж музейд байх Ноён уулын  олдвор Монголд буцаж ирэх ёстой гээд уулзалтууд өрнүүлж явсан үедээ дэмжлэг авсан юм. Хойд хөршийн Соёлын сайдтай уулзахдаа буцааж авах хүсэлт тавьчихсан байсан цаг.  Английн Засгийн газраас яг энэ асуудлаар дэмжлэг хүсэх зорилгоор Англид очсон юм. Тэгж очих үедээ  холбогдох хэд хэдэн сайдтай уулзсан. Бас тус улсын хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсын өвийг ОХУ-аас татан төвлөрүүлэхэд туслалцаа үзүүлээч гэсэн агуулгаар ярилцлага, мэдээлэл өгсөн. Ийм л хүрээнд дэмжлэг авсан тал бий. Түүнээс биш Монгол улсын Соёлын яам “Atticus partner”-ын хамтын ажиллагаа  “The Mongol Khan” жүжигтэй ямар ч хамаагүй.

"Go Mongolia" төслийн хүрээнд хамтран ажилласан Английн багийн академид "Херо" Б.Баатарын хүү суралцаж байжээ

зураг
 

Тэгвэл "Херо Энтертайнмент"-ын захирал Б.Баатар, Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нарын хүү Б.Хабул Английн "Fulham FC" клубийн хүүхдийн академид суралцсан аж. 

Б.Хабул 2008 онд төрсөн бөгөөд өдгөө мэргэжлийн гэрээ байгуулах насанд хүрсэн тул академийн тоглогч байхаа больсон. Өдгөө Монголын хөлбөмбөгийн "Сэлэнгэ Пресс Фалконс" багт данстай юм. Саяхан клубийн зүгээс Б.Хабулыг Бразилын "Cruzeiro Esporte Clube" багийн 17 хүртлэх насны багт туршилтын хугацаанд тоглож байгааг мэдэгджээ.