Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

А.Амундра: Өвөг дээдсийн сүнс соёрхох байх, Луут хотын сахиусыг “ертөнцөд” үзүүллээ

Зураг

“Монгол Хаан” жүжиг өнгөрсөн жил Англид, энэ жил Сингапурт тоглоод ирлээ. Дараагийн төлөвлөгөөний талаар мөн энэхүү төслийн төсөв, санхүүгийн асуудлаар сонирхохоор тус жүжгийн продюсер А.Амундратай ярилцлаа.


- "Монгол хаан" жүжиг Сингапурт саяхан тоглоод ирсэн. Хэдэн удаа тоглож, хэр их хүн үзсэн тухайгаас яриагаа эхэлье.

- “Монгол хаан” жүжиг маань Сингапурт өнгөрсөн сарын 17-ноос энэ сарын 3-н хүртэл 22 удаагийн тоглолтоо амжилттай хийгээд ирлээ.

Бид 32 мянган тасалбар зарах ёстойгоос 28 мянгыг зарж чадсан. Үүнээс гадна есөн мянга орчим нэрийн бараа, бүтээгдэхүүн зарсан. Ер нь гадаадад жүжгээс илүүтэй нэрийн бараа бүтээгдэхүүн борлуулах нь чухал юм байна. Ингээд тооцохоор нийт 2.4 сая орчим ам.долларын борлуулалт хийсэн байна. 

Нэг үнэн зүйл юу гэхээр Сингапурт монголчуудыг таньж байгаа хүн алга. Тиймээс ч миний хувьд Сингапурын төслөөр маш их бахархаж байгаа. Тоглолтын явцад манай сурталчилгаа нэг сая орчим хүнд хүрч, монголын түүхийг сурталчиллаа.

Сингапурт тоглохын тулд “Монгол хаан” төсөл 1.8 сая ам.доллар зарцуулсан. Үүний 50 хувь буюу 900 мянгаас 1.1 сая ам.долларыг олон улсын продюсер компани болох "Base entertainment" хөрөнгө оруулалт хийсэн.

Монгол контентод анх удаа олон улсын компани итгэж хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Харин Лондонд бид 100 хувь өөрсдөө эрсдэлээ үүрээд очсон. Энэ ярилцлагаар дамжуулаад Сингапурт продюсероор ажилласан Шантал Прудомме хатагтайд талархсанаа илэрхийлье.

Мөн бидэнд итгэж анх удаа гадны зах зээлд нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн Английн продюсерууд болон театрын хамт олонд дахин баярлалаа.

- Сингапурын компани танай жүжгийн юунд итгэж хөрөнгө оруулав. Энэ тухай жаахан тодруулахгүй юу?

- Шантал Прудомме Лондонд тавигдсан тоглолтыг үзээд манай жүжгийг Азийн соёлын онцлогийг харуулсан сайн контент байна гэж үнэлсэн. Тиймээс энэ жүжиг Азид тоглогдоход продюсероор ажиллах санал тавьсан юм. Мөн Сингапурт 30 гаруй гаднын продюсеруудтай уулзаж, жүжгээ үзүүлэн дараа дараагийн тоглолтуудын төлөвлөгөө болон гэрээ, хэлэлцээнүүдээ амжилттай хийгээд ирсэн.  

“Монгол хаан” жүжиг 2025 оны аравдугаар сард Японы гурван хотод, долдугаар сард АНУ-ын Лос-Анжелест, 2026 оны эхний улиралд багтаад Нью-Йоркийн Бродвэйд тоглохоор хэлэлцээ хийгдэж байгаа. Мөн амжвал ирэх хавар Турк улсад тоглохоор төлөвлөн ажиллаж байна.

Сингапурт бид хоёр уран бүтээлийн багтай очсон нь шинэ туршлага байлаа. Лос-Анжелест ажилладаг, Холливүүдэд жүжиглэж байсан уран бүтээлчдийг авч ажиллуулсан. Мөн бас нэг шинэ зүйл нь монгол жүжигчид маань англи, монгол хэлээр жүжгээ толилуулахын зэрэгцээ гадаад жүжигчидтэй хамтран тоглосон нь дэвшил байлаа.

зураг
 

- Жишээ нь “Монгол хаан”-ыг Японд тоглоход ямар шаардлагууд тавигдаж байгаа вэ?

- Япончууд манай жүжгийг нэгдүгээрт шинэлэг контент, хоёрдугаарт, их хааны тухай өгүүлдгээс гадна хурдан хэмнэлтэй учраас тасалбар зах зээлд нь борлогдох боломжтой гэж үзсэн. 

Дээрээс нь Азийн нийтлэг соёлууд биднийг нэгтгэдэг. Мөн сүмогийн их аваргууд Японд монголчуудын талаар хангалттай таниулсан. Тиймээс амжилт олох магадлалтай хэмээн япон продюсер дүгнэсэн.

Санхүүгийн тооцооллоор 30 хоногийн хугацаанд ойролцоогоор 1.2 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой гэсэн тооцоолол гаргасан. “Монгол хаан” төслийн тухайд урлаг, соёлыг сурталчлахаас гадна энэ бол ашгийн төлөө төсөл гэдгийг би тодорхой хэлье.

"Луу бол цэвэр монголчуудын бэлгэдэл гэдгийг нотолж, жүжигтээ албаар лууг оруулсан"

зураг
 

- Жүжигчдийн өмсөж буй хувцас хэрэглэл Монголын түүхийн аль үетэй холбогдож байгаа вэ. Бас яг ямар түүхэн эх сурвалжтай вэ?

- Аливаа улсын хүсэл эрмэлзэл бол өөрсдийнхөө түүхийг уртасгах сонирхолтой байдаг.  Жишээ нь, Казахстан Зүчи хааны тухай контентууд бүтээж, өөрсдийн түүхийг баяжуулж, урагшлуулж байна. Солонгосын соёлын довтолгоог ч та бүхэн харж байгаа байх. 

Харин бид монголчууд бол Хүннүгийн удам юм гэдгийг нотолж харуулахыг зорьж байна. Тиймээс ч Хүннүгийн үеийн археологийн олдворуудаар жүжгийнхээ хувцас, хэрэглэлийг бүрдүүлсэн.

Үүний бас нэгэн жишээ бол луу юм. Бидний ихэнх нь лууг Хятадын бэлгэдэл гэж ойлгодог. Гэтэл монголчууд эргэн тойрондоо байсан амьтныг нийлүүлээд шинэ амьтан бүтээсэн.

Луу бол цэвэр монголчуудын бэлгэдэл гэдгийг нотолж, жүжигтээ албаар лууг оруулсан. Товчхондоо, бид гурван мянган жилийн өмнөх Луут хотын сахиусыг “ертөнцөд” таниулж байна. Өвөг дээдсийн сүнс соёрхох байх.

- Та жүжгээ түүх, соёлын сурталчилгаанаас гадна ашгийн төлөө бизнесийн төсөл гэлээ. Энэ тухай дэлгэрүүлж ярья. Хамгийн эхэнд гадаадад буюу Англид тоглосон санхүүгийн үзүүлэлтүүдийг сонирхуулахгүй юу? 

- Англид тоглоход нийт 2.7 сая паундын зардал гарсан. Хоёр сая паунд нь уран бүтээлчдийн болон урсгал зардал, харин 700 мянга нь тоног төхөөрөмжийн зардал байсан.

Хоёр сая паундын нэг саяыг манай жүжгийн нэг продюсер М.Есөнмөнх захирал, миний зүгээс 500 мянган паундын хөрөнгө оруулалт хийсэн бол “Херо энтертайнмент”-ын тухайд банкны зээлээс гадна Монголд тоглосон зургаан тэрбум төгрөгийн орлогоос санхүүжилт хийгээд явдаг.

Англи дахь тоглолт тасалбарын нийт борлуулалтын орлого 1.3 сая орчим паунд болсон бол спонсор, мерчиндайз бүтээгдэхүүний орлого, татварын буцаалт зэрэг нийлээд нийт 2.2 сая паундын орлоготой байсан.

Гэхдээ Англид тоглоход зориулж авсан тоног төхөөрөмжийг бид цаашдаа ашиглах учраас өмч гэж үзэж  зөвхөн уран бүтээлчдийн болон урсгал зардлаа харвал энэ аялан тоглолтоос 200 мянган паундын ашиг олсон гэж үзэж байгаа. "Монгол хаан" жүжиг нэг улсын зах зээлд очоод 20 хоног тогтвортой тоглоход дор ядаж 2.2 сая ам.долларын орлоготой ажиллах хэмжээний төсөл болж хувираад байна. Энэ бол сайн бизнесийн төсөл шүү.

зураг
 

Нэг зүйлийг тодруулж хэлье. Бид өнөөдрийг хүртэл улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. “Херо энтертайнмент”- ийн 50 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, 50 хувийг Б.Баатар найруулагч эзэмшдэг. Ерөнхий сайд өөрийнхөө эзэмшиж буй компанид улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх нь ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас бид анхнаасаа улсын төсвийн дэмжлэг огт аваагүй, цаашид ч авахгүй.

Ерөнхий сайдын өөрийнх нь ч баримталж буй зарчим өөрийн хувь эзэмшдэг компанид төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ч хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхгүй гэсэн хатуу зарчим барьдаг.

- Жүжиг одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ. Уран бүтээлчдийн хоол, байр, цалингийн зардалд хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байна вэ?

- Англи руу 150 хүний бүрэлдэхүүнтэй явахад хоёр сая паундын зардал гарсан. Үүнд хувцас хэрэглэл, буудал, хоол цайны зардал багтдаг. Мөн гадаадын продюсеруудын ажлын хөлс ч багтаж байгаа. 

Гэхдээ бидний анхны аялал Лондоноос эхэлсэн нь олон улсын сэтгүүлч, шүүмжлэгчдээс оноо авах зорилготой байсан. Учир нь Лондонд үнэлэгдэж чадвал бусад боломж нээгдэнэ гэж үзсэн. Үүнийг бид маш сайн судалж, тооцоолсон.

Нийт 60 орчим хэвлэлийг урьж, тоглолтоо үзүүлсэн. Ингэхэд нийт 5 онооноос дунджаар 4.5 оноо өгсөн нь энэ жүжиг дампуурахгүй, тоглогдох боломжтой юм байна гэх нотолгоо болсон. 

Монголд тоглохын тухайд, суудлын тоо цөөхөн, тасалбар хямд байдаг. Гэхдээ Монголд тоглосон нийт тоглолтуудаас бид 6 тэрбум төгрөгийн орлого олсныг дахин хэлье.

- Өвөр Монголын тоглолт яагаад цуцлагдсан бэ? 

- Өвөр Монголд тоглоход зарим үл ойлголцол гарсан нь үнэн. Гэхдээ Хятадын зах зээлд тасалбар борлуулагдчихсан байсан учраас Ордос хотын засаг захиргаанаас манай алдагдлыг барагдуулж 1.5 сая ам.долларын нөхөн олговрыг бидэнд төлсөн. Нэг зүйл дээр тодруулж хэлэхэд, Хятадын зах зээл бүрэн хаагдаагүй. Бид өөр томоохон хотуудад тоглохоор дахин хэлэлцээ хийж байгаа.

- Соёлын сайд Ч.Номин “Монгол хаан жүжигт төсвийн нэг ч төгрөг зарцуулаагүй. Гэхдээ бид  бодлогын дэмжлэг үзүүлдэг” гэж байсан. Тэр бодлогын дэмжлэг гэж юуг хэлээд байна вэ?

- Гадаад харилцааны зарим асуудал дээр дэмжлэг үзүүлснийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Сингапурт очвол "Монгол хаан” жүжгийн багт тусалж өгөөрэй гэсэн агуулгатай албан бичиг явуулах, тоглолтын нээлтүүдэд биеэр ирж дэмжлэг үзүүлдэг. Түүнээс биш Монгол Улсын төсөв тэр дундаа Соёлын яамнаас нэг төгрөгийн ч санхүүжилт аваагүй гэдгийг дахин хэлье.

зураг
 

- Ерөнхийдөө санхүүгийн хувьд танай жүжиг хангалттай ашигтай ажиллаж байгаа гэж дүгнэж болох уу?

- Би ашигтай гарсан гэж хэлэхгүй. Ашиг байгаа ч гэсэн ашиг гэж бодохгүй байна. Буцаад зардал ихтэй. Япон руу очиход Сингапураас олсон мөнгөө маркетингийн зардал руу хийнэ. Бид гурваас дөрвөн улсад тоглосны дараа ашгийн тухай ярих боломжтой болно гэж үзэж байна.

- Тодорхой хэмжээнд мөнгө олсон учраас Монголд татвар төлж байгаа юу? 

- “Херо энтертаймент” татвараа төлөөд явж байгаа. 

- Нууц биш бол хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ? 

- Сингапурт олсон орлогын мөнгө арай орж ирээгүй байна. Харин Англид олсон орлогоос 300 орчим сая төгрөгийг татварт төлсөн.

- Та ярианыхаа эхэнд гурван хүн нийлээд зээл авч, Англи руу явсан гэж ярилаа. Ингэж зээл авч гадагшаа явж тоглох ямар шаардлага байна вэ? 

- Гурван хүн нийлээд зээл авсан гэж яриагүй ээ.  Би 15 жил хувийн хэвшилд ажилласан. Хүмүүс мэдэх байх аа. Монголдоо томдоо орох компанийг олон жил удирдсан. Миний жилийн орлогыг татвар төлсөн хэмжээгээр харвал 1-2 сая ам.доллар.

Зарим жил нь 500 сая төгрөгийн татвар төлсөн байдаг. Миний хувьд жүжигт өөрийн орлогоосоо хөрөнгө оруулалт хийсэн. Харин М.Есөнмөнх захирлын тухайд монголдоо мөн танигдсан бизнестэй хүн. “Херо энтертайнмент”-ын тухайд арилжааны банкнаас зээлтэй бас өмнөх тоглолтуудын орлогоосоо хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг.

"Миний мөрөөдөл бол гадаадын зах зээлээс мөнгө олох"

зураг
 

- Жүжигт ийм хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулна гэдэг эрсдэлтэй биш үү. Хэтэрхий зоригтой шийдвэр гэж та бодохгүй байна уу? 

- Чи бяслаг үйлдвэрлэх гэж байгаа бол бүх мөнгөө хийгээд л эхэлнэ шүү дээ. Жишээ нь, зарим бизнес эрхлэгчид 100 тэрбум төгрөгийн зээл аваад бүхэл бүтэн цементийн үйлдвэр барьчихсан байна. Тооцооллоо л хийх хэрэгтэй гэсэн үг.

Би багаасаа хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. 2013 онд Хятадуудтай хамтарч Сорхугтани хатны тухай кино хийхээр "ССТВ"-ээс гурван сая юань оруулж ирсэн. Гэвч бид зохиол дээрээ тохирч чадаагүй учраас төсөл зогссон. 

Миний мөрөөдөл бол гадаадын зах зээлээс мөнгө олох. Монголын зах зээл хязгаартай. 2013, 2014 оны үед л манай сурталчилгааны салбарын зах зээл жилийн 60 тэрбум, киноных 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан. Ийм нөхцөлд бид яаж ч хичээгээд жилд 2-3 тэрбум төгрөгийн орлогоос давж чадахааргүй байсан.

Гэтэл Монголчууд агуу түүхтэй, нүүдэлчин соёлтой улс учраас гадаадын зах зээлээс мөнгө олох боломжтой, энэ бол манай багийн мөрөөдөл. Миний бодол "Монгол хаан" жүжиг дэлхийн 40 орчим улсад 30 жил тоглогдоно гэдэгт итгэл төгс байна.

- Танай жүжиг олон улсад амжилттай явж байгаа юм чинь Монголдоо үнэгүй тоглочихмоор юм биш үү? 

- Үнэгүй зүйл үнэгүй л байдаг байх даа. Бид гадагшаа явахын өмнө шинэ найруулгаа турших зорилгоор Монголд тоглодог. Гэхдээ Монголд тоглох гэхээр театр олддоггүй.

М.Есөнмөнх захирал маань Улсын Драмын Эрдмийн Театраас гуйж байж хэд хоног тоглох эрх авдаг. Улсын Драмын Эрдмийн Театрт бид төлөх ёстой бүх хураамжаа төлөөд тоглодог.

- Бусад найруулагч болон уран бүтээлчдэд "Монгол хаан" шиг дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байгаа юу?

- Бид хаалгыг нээж өгсөн. Монголчууд Нетфликс дээр кино хийх, дахиад олон жүжиг тавих ёстой. "Монгол хаан" Лондонд очсоноор хүмүүст урам зориг өгсөн. Бидний авсан 4.5 оноог өөр уран бүтээл гарч ирээд ахиулах хэрэгтэй. Бүгд “дэлхий рүү явах” ёстой.  Монгол шиг агуу түүхтэй, өв соёлоороо ялгарч, танигдах боломжтой хэчнээн улс, үндэстэн байгаа билээ.