Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Хуулиараа бол арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг баталсан байх ёстой.
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр орхигдож байгаа зүйл бол хөдөө аж ахуйн салбарт зарцуулж буй мөнгө юм. Гишүүд УИХ-ын сонгууль бүрийн өмнө малчид, тариаланчдад зориулсан янз бүрийн хөнгөлөлттэй зээл гаргаж, зээлийн хүүгийн тодорхой хувийг төсвөөс төлдөг. Жишээлбэл шинэ хоршоо, цагаан алт гэх мэт хөтөлбөрүүд.
Дээрх төслүүдийн санхүүжилтийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайд өөрийн эрхийн хүрээнд захиран зарцуулж тайлагнадаг. Тухайн сайдын 2026 оны төсвийг 641.7 тэрбум төгрөг байхаар УИХ батлах гэж байна.
ХХААХҮ-ийн сайдын төсөв дотор шинэ хоршоо, ноос, ноолуур гэсэн хөдөө аж ахуйн салбарт олгодог хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөр, татаас, урамшуулалд хэр хэмжээний мөнгө өгөхөөр тооцоолсон талаарх мэдээллийг хүргэе.
ХХААХҮ-ийн сайд 2018 онд 172.4 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2025 оны байдлаар 662.6 тэрбум төгрөг болж өсжээ.
2026 онд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж, үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, татаас, урамшуулал хэлбэрээр 443.6 тэрбум төгрөг өгөхөөр Засгийн газар тооцоолоод байна.
ХХААХҮ-ийн сайдын багцад буй төрөөс олгодог татаас, урамшууллын мэдээллийг дараах байдлаар тоймлон хүргэж байна.
Цагаан алт хөтөлбөрийн "99,533.2 сая.төг" гэснийг 99.5 тэрбум төгрөг гэж уншина.
Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгодог татаас урамшууллын дийлэнх нь сонгуулийн өмнө хэрэгжиж эхэлсэн байдаг. Тухайлбал 2024 оны сонгуулийн өмнө "Шинэ хоршоо" төслийг санаачилж 841.9 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гаргаж малчдад өгөхөөр болсон.
Ингэхдээ зээлийн хүүгийн тодорхой хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулж байв. Уг зээлийн үлдэгдэл одоогийн байдлаар 714.8 тэрбум төгрөг байгаа юм.
Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчөөс санаачлан Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023, 2024 онд нийт 1.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон талаар Засгийн газар мэдээллээ.
Тус зээлийн үлдэгдэл 2025 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 667.9 тэрбум төгрөгт хүрчээ. 2026 онд шинээр зээл олгохгүй бөгөөд өмнө олгогдсон зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 55.3 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөхөөр тооцсон аж. Мөн дараах татаас, урамшууллуудыг төрөөс дэмжлэг болгож өгнө. Үүнд:
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих зорилгоор Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолоор баталсан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчдад зориулж 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгож, нийт зээлийн хүүгийн 12 нэгж хувийг төрөөс хариуцан төлсөөр байгаа юм.
Тус хөдөлгөөний хүрээнд 2024-2025 онд нийт 26,759 хоршооны гишүүн малчинд 841.9 тэрбум төгрөгийн зээлийг олгож, зээлийн үлдэгдэл 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 714.8 тэрбум төгрөг байгааг Сангийн яамны мэдээлэл дурджээ.
Хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэглээг хангах зорилгоор Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэхээр болсон.
Уг ажлын хүрээнд 2025 онд нийт 800 тэрбум төгрөгийн зээл олгохоор арилжааны банкнуудтай гэрээ байгуулсан аж. Засгийн газрын 47 дугаар тогтоолоор 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 816 иргэн, аж ахуйн нэгжид 424.8 тэрбум төгрөгийг олгосон талаар ирэх оны төсвийн хуульд тусгасан байна.
Тус аяны хүрээнд олгох зээлийн нийт хүүгийн 10 нэгж хувийг төрөөс хариуцан төлөхөөр заасны дагуу 2026 онд зээлийн хүүгийн дэмжлэгт 69 тэрбум төгрөгийг олгохоор болжээ.
Малчдад төрөөс өгч буй хамгийн том дэмжлэг бол ноос, ноолуурын урамшуулал. Үүнээс гадна одоогийн ерөнхийлөгч "Цагаан алт" гэх хөдөлгөөний санаачилж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосоор л байна.
Тухайлбал ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоол батлагдаж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд 2024-2026 онд нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг олгохоор банкнуудтай гэрээ байгуулж, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 157 зээлдэгчид олгожээ.
Тус хөдөлгөөний хүрээнд олгох зээлийн нийт хүүгийн 10 нэгж хувийг төрөөс хариуцан төлөхөөр зохицуулсан бөгөөд 2026 онд шинээр 495.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Ирэх онд тус зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 99.5 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгасан.
2024 оны байдлаар хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн 970 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2 хувийг эзэлдэг аж.
Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 443.8 тэрбум төгрөгийг зөвхөн төр татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр гаргаж байгаа юм. 50 хувь төрийн оролцоотой байна гэхэд хилсдэхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!