Индэр    
2025 оны 11 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТӨСӨВ 2026: Ерөнхийлөгчийн төсөв сүүлийн 30 жилд байгаагүйгээр огцом нэмэгдэв

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас боловсруулсан 2026 оны төсвийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар УИХ ажилдаа ороод байна. 

Шинэ гишүүд аймгуудад хуваарилагдаж буй барилга, байгууламжийн зардлыг шүүмжилж байх зуур манай улсын төрийн тэргүүний төсөв үлэмж нэмэгдэж эхэллээ. Одоогийн ерөнхийлөгч 2021 онд үүрэгт ажлаа хүлээн авсан. Тухайн үед 11.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байв. 

2024 онд түүний төсөв 28.8 тэрбум төгрөг байсан бол энэ жил 33.9 тэрбум төгрөг болж, 5.1 тэрбумаар нэмэгдээд байна. Энэ нь сүүлийн 30 жилд байгаагүйгээр огцом нэмэгдсэн төсөв болж байгаа юм. Харин өмнөх Х.Баттулга ерөнхийлөгчийн үед буюу 2018 онд Тамгын газар нь ердөө 5.2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байжээ.

2026 онд томилолт, зочны зардалд 8.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна

Ерөнхийлөгчийн 2026 оны төсөв дотор хамгийн анхаарал татаж буй хэсэг нь томилолт, зочны зардал юм. Тухайн байгууллага 2026 онд томилолт, зочны зардалд 8.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүн дотор гадаад албан томилолтод 5.5 тэрбум, зочин төлөөлөгч хүлээн авах зардалд 2.8 тэрбум төгрөг, дотоод албан томилолтод 299 сая төгрөг зарцуулах аж. 

Мөн Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт байрлах Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудын цалингийн зардал их хэмжээгээр нэмэгдэж эхэллээ. Тухайлбал 2024 онд уг байгууллага цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалд 4.4 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл 2026 онд 11.6 тэрбум төгрөг болж нэмэгдээд байгаа юм.

Та доорх графикаас төрийн тэргүүн өөрийнхөө төсвийг ямар үйл ажиллагаанд зарцуулж буй мэдээллийг ангилал бүр дээр дарж, дэлгэрэнгүй шүүж үзнэ үү.

Ерөнхийлөгчийн тамгын газар бараа үйлчилгээний бусад зардал ангилалд 8.3 тэрбум төгрөг зарцуулж байна.

Шилэн дансны мэдээллээс харахад бараа үйлчилгээний бусад зардал хэлбэрээр ихэвчлэн ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээний зардлыг санхүүжүүлдэг байна. Ерөнхийлөгчийн зарцуулж буй төсвийн мэдээлэл шилэн данс дээр хэрхэн бичигдэж буйг доорх зургаас харна уу.

зураг
 
зураг
 
зураг
 

Ерөнхийлөгчийн тамгын газар 33 тэрбум төгрөгийн төсвийг дараах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна хэмээн тайлагнажээ. Үүнд: 

  • Хариуцлагатай төр, хүртээмжтэй эдийн засгийг бэхжүүлж, үндэсний өв соёлыг хамгаалахад чиглэсэн бодлого, санаачилгыг дэмжиж ажиллана. 
  • Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хангаж, хөгжилд хөтлөх гадаад бодлого хэрэгжүүлнэ. 
  • Нийгмийн хөгжил, ногоон болон хот, хөдөөгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллана.

МОНЦАМэ мэдээллийн агентлаг 5.7 тэрбум төгрөгийн төсөвтэй

Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсоор shilendans.gov.mn сайтад байршуулсан мэдээллээс 2023, 2024 оны цалин болон албан томилолтын мэдээллийг 2026 оны төсөвтэй харьцуулан харуулав.

Төрийн тэргүүний захиран зарцуулах төсөв дотор сүүлийн жилүүдэд өндөр зардалтай ажиллаж буй нэг байгууллага нь МОНЦАМЭ мэдээллийн агентлаг юм. МОНЦАМЭ мэдээллийн агентлаг нь 2022 онд ЕТГ-ын харьяалалд албан ёсоор шилжиж ирсэн. Тухайн үед 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байгууллага байсан бол энэ жил 5.7 тэрбум болж нэмэгдсэн байна. 2026 онд тэд зургаан тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулах юм байна. 

Сангийн яамнаас гаргасан төсвийн төсөлд дурдсанаар МОНЦАМЭ мэдээллийн агентлаг "Монгол Улсын төр засгийн удирдлага ба төв байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өргөн олон нийтийг улс орны дотоод үйл амьдралын шуурхай мэдээллээр тогтмол хангана. Гадаад ертөнц, олон улсын хэмжээнд болж байгаа үйл явдлын мэдээллийг дотоодын олон нийтэд хүргэнэ. Монгол Улсын гадаад, дотоод бодлого, түүх, өв соёл, уламжлал, хөгжил дэвшлийг гадаад орнуудад эергээр мэдээлж сурталчлан таниулна" гэх зорилт дэвшүүлсэн байна. Ингэхдээ 2023 онд 10,988 ширхэг контент бүтээж байсан бол 2026 онд энэ тоог 11,208 ширхэгт  ​​​хүргэх аж.


Дээрх дурдсан тоо албан ёсоор Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн тамгын газраар дамжуулагдан гарч буй төсөв билээ. Ерөнхийлөгчийн ивээл дор гэх нэрээр түүний санаачилсан маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсээр байгаа. Эдгээр арга хэмжээ ихэвчлэн Төрийн ордны Их танхим дүүрэн хүнтэйгээр зохион байгуулагддаг. 

Тухайлбал “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”, Хүнсний хангамж, аюулгүй байдал-Шинжлэх ухаан, технологи, инновац” сэдэвт үндэсний зөвлөгөөн, “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” гэх мэт томоохон чуулга уулзалтуудыг зохион байгуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ нэрээр төсвөөс мөнгө зарцуулсаар байна.