Уншиж байна ...

"Хүзүүн дээр жижигхэн булчирхай үүсэхэд тоолгүй удаан явсан. Гэтэл нэг өдөр өвдөж эмчид үзүүлтэл хавдар оношлогдсон"

П.Сайнжаргал, IKON.MN
2 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 4-ийг Хавдрын эсрэг дэлхийн өдөр болгон зарлажээ. 

Энэ хүрээнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хавдрыг даван туулагчдын түүхээс хуваалцаж, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэлээ. 

Хавдрыг даван туулагч иргэн М.Дэнсмаагийн яриаг хүргэе. 



Би 67 настай. Завхан аймгийн Тосонцэнгэл сум буюу Монголын хамгийн хүйтэн цэгт амьдардаг.  

2000 оны эхээр миний хүзүүн дээр жижигхэн булчирхай шиг юм үүссэн. Түүнийгээ тоохгүй, эмнэлгээр үзүүлж харуулахгүй удаан явсан. Өвддөггүй болохоор ерөөсөө тоогоогүй юм. Гэтэл 2021 оноос өвдөж эхлээд эмнэлгээр явахад хорт хавдар гэсэн оношийг дуулсан.

Өвчнийхөө оношийг анх хүлээж аваад маш хүнд туссан. Ингээд мэс заслын эмчилгээнд орсон. Бараг 10-аад цаг орсон, их хүнд мэс засал. Надаас маш олон төрлийн булчирхай түүж авсан гэж эмч хэлсэн. 

Хугацаа алдалгүй эмчдээ үзүүлж, найман удаа химийн эмчилгээнд орсон. Ингээд өвчин маань зогсонги байдалд орсонд баярладаг. 

2023 оноос хойш гурван сар тутам үзүүлж, эмч нарынхаа зөвлөгөөг дагаж, шинжилгээ оношилгоог байнга хийлгэж байна. 

Өвчнийг эцсийн шатанд нь хүргэхгүй зовуурийг өчүүхэн гэж бодохгүйгээр эмнэлэгт хандаж, оношоо тодруулан эмчийн заавраар эмчилгээ хийлгэхэд хорт хавдар эдгэрдэг юм байна. 

Эмч нарынхаа буянд өвчнөө даван туулж явна. Үүнээс гадна хувь хүний сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар, ар гэрийнхний тусламж дэмжлэг асар их нөлөөтэй. 

Хань ижил, үр хүүхдүүд минь намайг эдгээх гэж чин сэтгэлээс бодож байхад “Би эдгэрнэ” гэж өөртөө хатуу чанд дүгнэлт хийсэн. Ингээд энэ өвчнийг даван туулж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/NCPHMongolia/videos/1141745657408212