Сүүлийн жилүүдэд Монголын олон оюутан залуус АНУ-д зуны амралтаараа хууль ёсны дагуу ажиллаж, аялах боломжийг олгодог Summer Work and Travel хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна. Энэ нь маш бага зардлаар Америкт аялах, англи хэлээ сайжруулах, ажлын туршлага хуримтлуулах, шинэ найз нөхөдтэй болох гайхалтай боломж юм.
Гэсэн хэдий ч энэ хөтөлбөрийн талаар хангалттай мэдээлэлгүй, хамрагдах боломжтой гэдгээ мэдэхгүй байгаа олон оюутан бий. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагаараа Summer Work and Travel USA хөтөлбөр гэж юу вэ? Хэн хамрагдах боломжтой вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ? гэх мэт хамгийн чухал асуултуудад хариулж, хэрэгтэй мэдээллийг хүргэхээр 2011 оноос хойш уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй One World Center-ийн хөтөлбөр хариуцсан ажилтан Ж.Ганбаттай ярилцлаа.
Ганбат нь 2022, 2023, 2024 онуудад Work and Travel хөтөлбөрт хамрагдаж зуны амралтаа АНУ-д өнгөрүүлж, тус улсын ажлын соёл, амьдралын хэв маягийг биеэрээ мэдэрч, англи хэлний мэдлэгээ ахиулсан туршлагатай залуу. Одоо тэрээр One World Center-т ажиллаж, өөрийн бодит туршлагаа шинэ үеийн оюутнуудад хуваалцаж, Work and Travel хөтөлбөрт амжилттай хамрагдахад нь туслах зорилготой ажиллаж байна.
Тиймээс АНУ-д зуныхаа амралтаар ажиллаж, аялахыг хүсдэг залуу бүрд хэрэгтэй энэхүү ярилцлагыг хүргэж байна! ✈️🌍 Мөрөөдлөө бодит болгох алхмаа өнөөдрөөс эхлүүлье!
- Сайн байна уу? Ярилцлагаа таны танилцуулгаас эхэлье. Өөрийгөө товчхон танилцуулаад, Work and Travel хөтөлбөрийг хэрхэн анх мэдэж, хэрхэн хамрагдаж байсан тухайгаа хуваалцахгүй юу?
- Сайн байна уу? Намайг Жанчивдоржийн Ганбат гэдэг. Би одоо One World Center-т хөтөлбөр хариуцсан менежерээр ажиллаж байгаа. Work and Travel хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутан залууст өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Би өөрөө энэ хөтөлбөрт 3 удаа хамрагдаж байсан бөгөөд АНУ-ын гурван өөр мужид ажиллаж, амьдарч байсан.
Америк гэдэг улс миний хувьд бага байхаас л холливүүдийн кино, ном зохиол дээрээс харж, уншиж хэзээ нэг өдөр очихыг мөрөөддөг газар байсан. АНУ-ын их дээд сургуулиудын хувьд олон улсын оюутнуудад сургалтын төлбөр харьцангуй өндөр, тэтгэлэгт бэлдэхийн тулд маш их хугацаа шаардаж байсан учир Монголдоо их сургуульд сурах шийдвэр гаргасан. Гэтэл их сургуулийн 1-р курсээ төгсөөд зун нь Монголд дадлага хийж байхдаа арван жилийн найзынхаа Instagram Story дээрээс Америкт байгааг нь харсан. Анхандаа "Гэр бүлээрээ аялж яваа юм байлгүй" гэж бодоод нэг их тоогоогүй. Харин хэд хоногийн дараа найз маань Америк компанид ажиллаж, гадаад найзуудтайгаа Story, Post оруулж эхэлсэн.
Тэр үед хамгийн анх сонирхож, найзаасаа Америк хэрхэн явсан талаар нь асуусан. Тэгээд л Work and Travel хөтөлбөр гэж байдаг, Монголын их дээд сургуулийн оюутнууд зуныхаа 3 сар АНУ-д ажиллаж, аялах боломжтой гэдгийг анх мэдэж авсан.
Шууд л судалгаа хийж эхлээд, One World Center-ийнхээ оффис дээр ирж уулзан хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад, шууд шийдвэрээ гарган бүртгүүлж, гэрээгээ байгуулсан. Өөрийгөө сорих, шинэ зүйлд өөрийгөө дайчлах шийдвэр гаргасан минь амьдралын минь хамгийн зөв сонголтуудын нэг байсан болов уу? гэж бодож байна.
Эргээд бодоход, тэр Instagram Story-г хараагүй бол Work and Travel хөтөлбөрийн талаар мэдэхгүй өнгөрөх байсан. Харин одоо би өөрөө энэ хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутнуудад тусалж, тэднийг мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахаар зорин ажиллаж байгаадаа их сэтгэл хангалуун байдаг!
- Та хөтөлбөрт хамрагдаж байхдаа АНУ-ын хаана ажиллаж, амьдарч байсан бэ? Мөн таны хувьд хамгийн сонирхолтой, дурсамжтай мөчүүдээс хуваалцахгүй юу?
- Би Summer Work and Travel хөтөлбөрт нийт 3 удаа хамрагдаж, АНУ-ын гурван өөр хотод ажиллаж, амьдарч байсан. Анх 2022-онд Tennessee мужийн Pigeon Forge хотод амьдарч, McDonald’s түргэн хоолны газарт ажилласан. Энэ бол миний хувьд Америк оронтой анх удаа танилцаж, өөрийгөө сорьсон онцгой зун болж өнгөрсөн байна.
Хоёр дахь жилдээ буюу 2023 онд California мужийн Anaheim хотод Disneyland-ийн ойролцоох зочид буудалд Deli Cashier хийх боломж олдсон. Энэ нь миний хувьд маш азтай тохиолдол байсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай паркийн хажууд амьдарч, Лос Анжелес хотод намайг дурлуулсан, онцгой хүмүүстэй танилцах боломжийг олгосон хэзээ ч мартагдашгүй зун болж өнгөрсөн.
Хамгийн сүүлийн жилдээ буюу 2024 онд би Nevada мужийн Tahoe нуурын эрэг дээрх Edgewood Tahoe Resort-д ажилласан. Энэ газар нь алдарт The Godfather кинон дээр гардаг байгалийн үзэсгэлэнт нуурын хажууд байрлах өндөр зэрэглэлийн амралтын газар байсан тул ажлын туршлагаас гадна үзэсгэлэнтэй байгальд цагийг өнгөрүүлэх завшаан тохиосон.
Эргээд бодоход, АНУ-д өнгөрүүлсэн энэ 3 зуны адал явдал миний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийн маань нэг болж ард минь үлджээ. Би McDonald’s-т ажиллаж, түргэн хоолны салбарын ажиллах зарчим, үйлчилгээний стандартыг ямар байх ёстой вэ гэдгийг Disneyland-д тоглож, хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж SoFi цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн шилдэг Arsenal Barcelona клубуудын тоглолтыг үзэж, олон улсын томоохон арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг талаар ойлголттой болсон. Мөн Sam Smith, Metro Boomin, Future-ийн амьд тоглолтыг үзэж, найзуудтайгаа мартагдашгүй дурсамжуудыг бүтээсэн байна.
Энэ хөтөлбөр надад зөвхөн ажиллах бус, өөрийгөө нээх, бие даах, Америкийн соёлтой танилцах, шинэ орчинд дасан зохицох, харилцааны чадвараа хөгжүүлэх маш том боломжийг олгосон.
- Маш сонирхолтой санагдаж байна! Манай уншигчдад Summer Work and Travel USA хөтөлбөрийг товчхон танилцуулж өгөөч. Энэ ямар хөтөлбөр вэ? Хэзээ, хаанаас, хэн хэрэгжүүлдэг? Хэзээнээс хэн хамрагдах боломжтой вэ?
- Summer Work and Travel USA нь АНУ-ын Төрийн департментын хэрэгжүүлдэг албан ёсны соёлын солилцооны хөтөлбөр юм. Анх 1961 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл жил бүр 40 гаруй улсаас 150,000 гаруй оюутан хамрагддаг. Манай төв энэ хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, 14 дэх жилдээ албан ёсоор хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь зөвхөн мөнгө олоход биш, оюутнуудыг Америкийн соёл, ажлын орчин, өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцуулах, англи хэлээ сайжруулах, олон орны найз нөхөдтэй болох, өөрийгөө сорих зэрэг хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэдэг.
Оюутнууд зуны 3 сарын хугацаанд АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж, амьдрах боломжтой.
Оюутнууд маань ихэвчлэн сүлжээ зочид буудал, ресторан, түргэн хоолны газар, дэлгүүр, тоглоомын парк, хүнсний дэлгүүр, амралтын төвүүд зэрэг үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд цагийн цалин дунджаар 15$ байдаг.
Энэ хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?
Оюутнууд АНУ-д J-1 ангиллын визээр зорчих бөгөөд виз мэдүүлэх явцад АНУ-ын элчин сайдын яамнаас тус улсад түр хугацаагаар зорчиж, хугацаандаа буцаж ирэх эсэхийг голлон харгалзан үздэг. Өнгөрсөн жилүүдэд Монгол оюутнуудын визийн нөхцөл байдал тогтвортой, эерэг байсан тул виз гаралтын хувь дунджаар 95%, харин манай агентлагийн хувьд 2024 оны зун 99% байсан.
- Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу? Мөн хөтөлбөрт гурван удаа хамрагдсан хүний хувьд одоо өөрөө энэ хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутнуудтай ажиллахад ямар байдаг вэ?
- Манай One World төв нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 14 жилийн турш Монголын оюутан залуусыг Summer Work and Travel USA хөтөлбөрт амжилттай хамрагдахад гүүр нь болж ажиллаж байна. Бид АНУ-ын 100 гаруй ажил олгогчтой хамтран ажиллаж, оюутнуудаа найдвартай ажлын байраар хангадаг.
Энэ хөтөлбөрийн онцлог нь зөвхөн ажиллах бус, өөрийгөө хөгжүүлэх, өндөр хөгжилтэй улсад ажлын туршлага хуримтлуулах, бие даах, шинэ найз нөхөдтэй болох, ирээдүйн карьертаа давуу тал бий болгох зэрэг олон боломжийг нээж өгдөг.
Дан ганц би гэлтгүй манай One World төвийн багийнхан бүгд энэ хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан туршлагатай хүмүүс байдаг. Тиймээс бид оюутнуудын визний болон ажил олгогчийн ярилцлага, АНУ-д очоод тулгарч болзошгүй асуудлууд зэрэг бэрхшээлүүдийг маш сайн ойлгодог. Бид зөвхөн зуучлах биш, бодит туршлага дээрээ суурилж, хэрэгтэй зөвлөгөөг оюутнууддаа цаг тухай бүрд нь өгч, зөв чиглүүлэхийг зорьдог.
Манай баг хөтөлбөрт бүртгүүлсэн өдрөөс эхлэн, гэрээгээ байгуулж, ажлын байр сонгохоос эхлээд, хөтөлбөрт амжилттай хамрагдаж, эх орондоо ирэх хүртэл оюутнуудаа бүх талаар нь дэмжиж, найз шиг нь хандан зааж, зөвлөхийг хичээж ажилладаг.
Манай хөтөлбөрт хамрагдсан олон оюутнууд АНУ болон бусад өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч, шинэ соёл, ажлын орчинд дасан зохицох, олон улсын харилцааны ур чадвар эзэмших боломжтой болдог. Тэд англи хэлний мэдлэг чадвараа дээшлүүлж, олон улсын ажлын туршлага хуримтлуулж, бие даах, хариуцлагатай ажиллах чадвараа хөгжүүлснээр илүү өрсөлдөх чадвартай, өөртөө итгэлтэй мэргэжилтэн болон төлөвшдөг.
Манай хөтөлбөрт оролцсон олон залуус өнөөдөр Дэлхийн Банк, Олон улсын валютын сан, Google, Facebook, eBay, McKinsey & Company зэрэг дэлхийн тэргүүлэх компани, байгууллагуудад ажиллаж байна. Заримтай нь АНУ-д байхдаа санамсаргүй таарч, тэдний амжилтын түүхийг сонсох нь хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг байдаг. Өмнө нь Work and Travel хөтөлбөрийн оролцогч байсан залуус дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байгааг харах нь бидэнд асар их урам зориг өгч, дараагийн үеийн оюутнуудад энэ гайхалтай боломжийг улам өргөн хүрээнд олгох хүсэл төрүүлдэг.
- Хөтөлбөрт хамрагдахад дундаж зардал хэд байдаг вэ? Оюутнууд ихэвчлэн АНУ-ын аль муж руу явдаг вэ? Хөтөлбөрийн процесс хэрхэн явагддаг вэ?
- Summer Work and Travel USA хөтөлбөрт хамрагдахад дундаж зардал ойролцоогоор 3500-4000$ байдаг. Энэ нь хөтөлбөрийн төлбөр, хоёр талын онгоцны тийз, визний хураамж , SEVIS төлбөр зэрэг зардлууд багтсан болно.
Оюутнууд АНУ-ын 30 гаруй мужид ажиллах боломжтой бөгөөд хамгийн түгээмэл сонголтууд нь баруун эргийн California, зүүн эргийн New Jersey, мөн Illinois, Tennessee, Texas, Nevada зэрэг мужууд байдаг.
Хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн оюутнуудын хувьд процесс гэрээ байгуулсан өдрөөс эхэлдэг. Энэ нь дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ. Нэгдүгээрт, оюутан бүртгүүлж, бичиг баримтаа бүрдүүлнэ. Хоёрдугаарт, ажил олгогчтой онлайнаар ярилцлага өгч, ажлын байраа баталгаажуулна. Гуравдугаарт, АНУ-ын визний ярилцлагад орж, визээ баталгаажуулна. Дөрөвдүгээрт, аяллын бэлтгэлээ хангаж, АНУ-ыг зорино.
Манай байгууллага хөтөлбөрийн процессыг хялбар, шуурхай болгох үүднээс бичиг баримт бүрдүүлэлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ нь завгүй хичээлтэй болон хөдөө орон нутгаас бүртгүүлж буй оюутнуудад ихээхэн дөхөмтэй байдаг болов уу гэж бодож байна.
- 2025 оны зуны бүртгэлийн явц ямар шатандаа явж байна? Одоо бүртгүүлбэл амжих уу?
- Summer Work & Travel USA 2025 хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 8-р сард эхэлж, үндсэн бүртгэл 10-р сард дууссан. Бүртгүүлсэн оюутнуудын хувьд процесс амжилттай үргэлжилж, эхнээсээ визний ярилцлагад орж байна. Одоогийн байдлаар 30 гаруй оюутан визээ амжилттай авч, зун АНУ-ыг зорих бэлтгэлээ базааж байна.
Хэдийгээр үндсэн бүртгэл хаагдсан ч АНУ дахь ажил олгогчид Монгол оюутан нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн тул нэмэлт бүртгэл хийх боломж нээгдсэн. Үүний дагуу 10 гаруй оюутныг нэмж бүртгэхээр төлөвлөж байгаа хөтөлбөрт хамрагдах шаардлагуудыг хангаж байвал 2025 оны зуны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Энэ хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй зүйл аль эсвэл энэ хөтөлбөрт хамрагдсанаар бий болох боломжтой хамгийн үнэ цэнтэй зүйл таны бодлоор юу вэ?
- Сайхан асуулт байна. Мэдээж АНУ-д өнгөрүүлж буй хором бүр маш үнэ цэнтэй санагддаг. Үүнээс гадна шинэ хүмүүстэй танилцах, тэр хүмүүсийн амьдралыг харах өнцөг, үзэл бодол, амьдралын түүхийг сонсох надад маш гайхалтай санагддаг. Хөтөлбөр дуусаад эх орондоо буцаад ирсэн ч гэсэн холбоотой байдаг олон найзууд байдаг. Мөн цуг хөтөлбөрт хамрагдаж байгаа Монгол оюутнуудтайгаа ч гэсэн сайн найзууд болдог нь гайхалтай учралуудын санамсаргүй эхлэл болдог. Үүнийг л хамгийн үнэ цэнтэй зүйл гэж хэлмээр байна.
- Тантай ярилцахад таатай байлаа! Хөтөлбөрт хамрагдахаар сонирхож буй оюутнууд хэрхэн холбоо барьж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой вэ?
Та бүхэнд ч баярлалаа! Хөтөлбөрт хамрагдахаар сонирхож буй хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй. Summer Work and Travel USA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффист биечлэн ирэх, утсаар холбогдох эсвэл сошиал хуудсаар дамжуулан холбогдох боломжтой. Эцэст нь оюутнууддаа хандаж "АНУ руу явах гэдэг тийм ч холын мөрөөдөл биш" гэж хэлмээр байна.
📍 Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Эрдэм Тауэр, 704 тоот (МУИС-н 1 байрны урд)
📞 Утас: 7000-3805
🌐 Веб хуудас: www.oneworld.mn
📲 Facebook: facebook.com/oneworldcenter
📸 Instagram: www.instagram.com/oneworldcenter
Хэрэв та англи хэлээ сайжруулж, Америкт ажлын туршлага хуримтлуулахыг хүсэж байгаа бол энэ бол таны мөрөөдлийг бодит болгох боломж! Цаг алдалгүй бүртгүүлж, зуныхаа хамгийн дурсамжтай аяллыг эхлүүлээрэй!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!