Индэр    
2 цаг 4 минутын өмнө
Зураг
Судлаач проф.

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа (1)

Зураг

Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тун эерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэнсэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.

Үйл явдлын товч

Эхлээд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт тэр өдрүүдэд Ялта дахь Ливадын цагаан ордонд явагдаж, II дайны дараах дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвал сүүлчийн удаа уулзсан нь энэ байв. Мэдээж дайны дараах Европ (Польш, Герман, Балкан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба вето тавих эрх зэрэг нь хэлэлцэх хэргийн голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгагджээ. Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар СССР-ийн Алс Дорнодоор баримжаалж шинээр геополитикийн орон зай томьёолж гаргаж ирсэн хэмээн үзэхээр юм.

“Алс Дорнодын хувь заяа” гэдэг ухагдахуунд хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсан ба тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн геополитикийн нэрээр нь томьёолж Дундад Иргэн Улсаас (тэр үеийн Хятад) де-юре (де-факто бол бүр 1911 оноос яригдана) тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэр тэмдэглэлт өдөр бол 1945.02.11, И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон С.Чөрчилль нарын гарын үсгээ зурсан хэлэлцээр. Хэлэлцээрийн гурван заалт товч тодорхой, утга төгөлдөр, оновчтой. Түүнд ингэж өгүүлжээ.

Германыг буулган авч, Европт дайныг дуусгаад 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс нь дараах нөхцөлтэйгөөр Японы эсрэг дайнд Холбоотнуудын талд орж байлдана.

  1. Гадаад Монголын (БНМАУ) status quo-г хадгална;
  2. 1904 онд Япон Орост зэрлэгээр халдахад зөрчигдсөн Оросын эрхийг сэргээнэ; тухайлбал а)  Сахалин арлын өмнөд хэсэг, түүний эргэн тойрны бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж олгоно; b) Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан худалдааны  Дайрен боомтыг интернационалчилна. СССР-ийн тэнгисийн цэргийн бааз болгон Порт-Артурын арендыг сэргээнэ; c) Дайрен боомт руу гарах боломж олгох үүднээс Дорнод Хятадын төмөр зам, Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглана. Эхний үед Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулах замаар ашиглах ба Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан үзнэ. Гэхдээ Хятад нь Манжуурт бүрэн эрхээ хадгалах болно;
  3. Курилын арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлнэ.

Гадаад Монгол ба нэр дурдсан боомт, төмөр замуудын тухай хэлэлцээрийг генералиссимус Чан Кайшигаар зөвшөөрүүлэх шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч (Ф.Рузвельт) тэгж зөвшөөрүүлэх арга хэмжээг авна. Зөвлөлт Холбоот Улсын дээрх санаархлуудыг Японыг ялсны дараа үг дуугүй хангах болно гэдгийг Гурван Их Гүрний Засгийн газрын тэргүүнүүд зөвшөөрлөө. Хятадыг японы дарлалаас чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ тусламж үзүүлэхийн тулд  СССР ба Хятадын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ Хятадын Үндэсний Засгийн газартай байгуулахад бэлэн байгаагаа Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс илэрхийлж байна гэжээ.

Яахлаараа Сталин биш, Ф.Рузвельт?

Яахлаараа Сталин биш, хаа хамаагүй холын АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт тэр үеийн Монголыг Чан Кайшигаар хүлээн зөвшөөрүүлэх үүрэг хүлээдэг билээ? Яагаад Сталин энэ үүргээс булзав? Энэ асуудал өнөөдрийг хүртэл мэтгэлцээний нэг сэдэв болж ирсэн. Тэр үед СССР ба ДИУ (Дундад Иргэн Улс) нь дипломат харилцаатай төдийгүй, цэрэг-улс төрийн үлэмж ойр түнш болж Японыг хамтран сөрөн зогсож байсныг бид мэднэ. 1944 онд Чан Кайшигаас И.В.Сталинд тавьсан санал байна. Яаралтай уулзаж, хоёр талын ирээдүйн харилцаагаа ярья гэжээ. Гэвч тийм уулзалт болоогүй, Сталин булзсан.

Гадаад Монгол дээр Москвагийн ацалсан байр суурь Хятадыг хөдөлгөхгүй байсан нь мэдээж ба хэрэв тэр хоёр уулзсан бол Гадаад Монгол яалт ч үгүй хэлэлцээний халуухан сэдэв болоод ороод ирэх байсан байх. Гэхдээ хоёр талын хоёр чухал баримт бичгээрээ Гадаад Монголыг ДИУ-ын салшгүй нэг хэсэг гээд СССР хүлээн зөвшөөрчихсөн байснаас Сталин тэгж булзсан хэрэг юм. Бас  Рузвельтээр гул барьж Хятадын удирдагчтай нүүр тулуулах гэсэн байх. Энд ямар баримт бичгийн тухай яриа вэ? 1924.05.31-нд Бээжинд байгуулсан СССР ба ДИУ-ын хоорондын асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай Хэлэлцээр; 1936.04.07-нд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвиновоос ДИУ-ын ГХЯ-нд өгсөн ноот бичиг гэх мэт.

Тэгвэл АНУ-ын хувьд Монголын асуудлыг хөндсөн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг Хятадтай байгуулаагүй, тэр утгаар Чан Кайшиг ятгаж зөвшөөрүүлэхэд саад байхгүй хэмээн үзсэн болов уу.

Ер нь Ялтын бага хурлаас жил хагасын өмнө, Гурван гүрний удирдагчдын Тегераны бага хурлын өмнөхөн Гадаад Монгол дайны дараа хаана үлдэх вэ гэдэг асуудал яригдсан байдаг юм. 1943.11.22-26-нд Каирт Ф.Рузвельт, У.Чөрчилль, Чан Кайши нар цуглаж уулзсан ба уг бага хурлаас гаргасан Тунхаглалыг Ф.Рузвельт, У.Чөрчилль нар Тегеранд авч очин Сталинд үзүүлж зөвшөөрүүлчихээд эргэж очоод 12 дугаар сарын 1-нд хэвлэлд гаргажээ. Тэр Тунхаглалд нутаг дэвсгэрийн эзлэн түрэмгийлэл үйлдэхийг хүсэхгүй гэдгээ АНУ, Их Британи, Хятадын Засгийн газрын тэргүүн нар ёслол төгөлдөр мэдэгдэж байна гэх үгс бий. Японы эзлэн авсан бүх нутаг дэвсгэрийг Японоос хурааж авна, үүнд дэлхийн нэгдүгээр дайнаас хойш эзлэн авсан Номхон далай дахь арлууд, мөн хятадуудаас булаан авсан бүх нутаг дэвсгэр, тухайлбал Манжуур, Формоз, Пескадорын арлуудыг ДИУ-д эргүүлж олгоно гэж зааж өгчээ. Энд Гадаад Монгол гэсэн үгс алга, Хятадад Зүүн хойд Хятад,  Тайвань, Пэнхуледао арлыг л буцаан өгнө гэсэн байна. Мөн Солонгост эрх чөлөө, тусгаар тогтнолыг нь олгоно гэсэн үгс буй. Зарим эх сурвалжийн мэдээгээр, “Гадаад Монголыг яах вэ, энэ чинь Хятадын бүрэлдэхүүнд байх ёстой бус уу?” хэмээн Чан Кайши  асуумагц Ф.Рузвельт – Наад асуудлыг чинь СССР-тай ярьж шийдэх ёстой хэмээн эрс няцааж хэлэлцэхгүй өнгөрсөн аж.    

Дөрөв дэх гүрний цөхрөл

Түүхэн зарим эх сурвалжаас үзэхэд Чан Кайши нь Тегеран, Ялтын бага хуралд 4 дэх гүрний лидерийн хувьд очих хүслээ ил далд илэрхийлсэн, лоббидсон тал харагддаг. Хэрэв тэрээр оролцсон л бол Гадаад Монголын тэр статус-кво гэдэг нь ямар байдлаар яригдах байсныг төсөөлөшгүй. “Хятадын асуудал” сөхөгдөх тоолонд Чан Кайши өөрийнх нь оролцоогүй ярилцахгүй, шийдвэр гаргахгүй байхыг Чөрчилль, Рузвельт, Сталин нараас хүсэх боловч цаадуул нь үл хэрэгсэж байв. Хятадын эрх ашиг ихээхэн том бодлогын золиос болчихсноос тэр байв. Дэлхийн их гүрнүүдийн эгнээнд Хятадыг оруулах гэсэн яриа хөөрөөг  Чөрчилль  “шал дэмий зохиомол яриа” гээд няцааж байсан баримт байна. Ялтын бага хурал дээр тэрээр бүр ч итгэл үнэмшилтэйгээр Хятадыг нулимсан байх аж. Хятадын талтай хэлэлцээ хийхэд хүндрэл учирна гэдгийг Рузвельт Ста­линд хэлж байсан ба Сталины хувьд Хятадтай ерөөсөө яриа хэлэлцээ хийгээд яах юм гэсэн байр суурьтай байжээ.

зураг
 

Крымын бага хурлаар Сталин, Рузвельт, Чөрчилль нар Хятадын асуудлыг хөндөхдөө, гоминданы хятадыг Зүүн хойд Ази, Номхон далайн сав газрын хооронд Зөвлөлт, Америкийн буфер байлгахаар тохиролцсон ба чингэхдээ хятадын коммунистуудад тусламж үзүүлэхгүй гэх амлалт Сталинаас америкийн талд өгч байсан байх юм.

Харин Чан Кайши нь СССР, Британи хоёрыг зэрэг хардсан тал байдаг. Орос, Британи хоёр Хятадын асуудлаар нэгдсэн байр суурьтай болчих вий гэсэн айдас нь тэр байв. Хятадын эрх ашгийг зольчихож магадгүй хэмээн тэрээр өдрийн тэмдэглэлдээ бичсэн ба Рузвельтыг хоёр нүүр гаргахгүй хэмээн итгэж байгаагаа ч тэмдэглэж байжээ.

Ялтын бага хурал хуралдсаны дараа Чан Кайшид ямар ч мэдээлэл очоогүй, наад гурав нь ч хэлэхгүй таг чиг болж Хятадын удирдагчдыг бараг хоёр сар балмагдуулсан баримт байна. Рузвельтээс үг сонсох гээд хятадууд аргаа барж, 1945 оны 3 дугаар сарын дунд үед  Вашингтон дахь Элчин сайд нь Ялтын бага хурлын зарим заалтуудыг олж мэджээ. “Холбоотнууд маань Хятадыг худалдчих гэж үү?”, “Хэрэв үнэхээр тэгсэн бол бидний удтал хийж ирсэн тэмцлийн үзэл санаа хөөс болж хувирлаа даа” хэмээн хятадын генералиссимус бичиж байсан аж. Ялта гэдэг нь ийнхүү урвалт гэдэгтэй адил утгаар хятадуудад буужээ.

Цөхрөлийг гэтэлгэх Тэргүүн хатагтай

Хятадын генералиссимусын гэргий Сун Мэйлин АНУ-тай харилцах, лоббидох ажлыг эр нөхрөөсөө илүү, бүр гаргууд хийж байсныг түүх өгүүлдэг. Тэрээр 1943 оны хавар, зун АНУ, Канадаар аялаж урт зам туулахдаа Японы эсрэг дайнд цэргийн тусламж авах, бас бус асуудал хэлэлцэж явжээ. “Бас бус” гэдэгт Хятадын эзлэгдсэн нутаг, магадгүй алдагдаад байсан Гадаад Монгол орж байсныг үгүйсгэмгүй. Тэргүүн хатагтайг АНУ-д төрийн дээд зочны хэмжээнд хүлээн авч, 1943.02.18-нд Конгресст үг хэлүүлсэн ба өмнө нь гадаадын хатагтай нараас ганц  Нидерландын Хатан хаан Вильгельмина үг хэлж байснаас өөр хэнд ч тийм боломж, аз тохиогоогүй аж. Мэйлин хатагтайн хэлсэн үгэнд АНУ-ын улс төрийн чиг шугамыг ширүүн шүүмжилсэн мөрүүд байсан нь өмнөх уулзалт хэлэлцээнд тэрээр хүссэн зүйлээ олж аваагүйтэй нь холбоотой. Эхлээд милитарист Японоо бутцохичихоод дараа нь Гит­лерийг цохьё гэсэн түүний үгсийг сенатчид алга нижигнүүлэн хүлээн авчээ. Маргааш нь 19-нд Цагаан ордны зууван танхимд Мэйлин, Рузвельт, түүний гэргий Элеонора Рузвельт гурав хэвлэлийн бага хурал хийлгэж, тэр үеэр Хятадын Тэргүүн хатагтай Чөрчиллийг ширүүн шүүмжилжээ. Вашингтон, Нью-Йоркт энэ хатагтайг зочлоход 9 муж улсын губерна­тор, нийгэм-соёл, бизнесийн дээд элитүүд уулзан, хүлээн авалт нь хэдэн мянган хүнээр бялхаж, ДИУ-ын төрийн дууллыг байнга эгшиглүүлж, хэдэн зуун сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач шавуулж, түүхэндээ анхны ба эцсийн удаа Америкт хятад зочныг хамгийн хүндтэй хүлээн авсан тохиолдол тэр байжээ. 

зураг
 

Харин Британид генералиссиму­сын гэргийг хүлээн авбал АНУ-д үзүүлсэн шиг хүндлэлийг Букингемийн ордон, Виндзор үзүүлэхгүй, гэхдээ айлчлуулна, Оксфордын их сургууль Мэйлинд хүндэт доктор цол, Эзэн хааны мэс заслын коллеж эрдмийн зөвлөлийн гишүүн болгоно, түүнээс цааш арга хэмжээ зохиохгүй гэж Лондонгоос мэдэгдсэнээс үүдэн Хятадын тэргүүн хатагтай тийшээ зориогүй юм. 1943 оны 3 дугаар сард Вашингтонд очсон Чөр­чилль Хятадын тэргүүн хатагтайтай уулзахыг хүссэн ч цаадхи нь Нью-Йорк хүрээд ир гэсэн, хариуд нь Чөр­чилль “Хятадын хувь заяаг шийдэх яриа өрнөх гэж байна” гэж учирлатал хатагтай эрс татгалзсанаас үүдэн Хятад-Британийн хооронд үл ойлголцол үүсээд авчээ. Чухам энэ үед Хятад-Британийн зөрчилд гарц хайх боломжийг Рузвельт өөртөө гарган авч хөзрийн тамгыг атгажээ. Хатагтай Сун Мэйлин Нью-Йоркт хэт тансаглаж, баярхаж, өөрийг нь үл ойшоож байгаад бухимдсанаа Чөр­чилль өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ.

1943 оны 5 дугаар сард Чөрчилль дахин АНУ-д зочлоход яриа хэлэлцээ, бусад арга хэмжээнд Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес идэвхтэй оролцжээ. Энэ үед  хятадын тэргүүн хатагтай Нью-Йоркт л тансаглан, сэтгүүлчдийг шавуулсаар байж. Зургаадугаар сард Канадын нийслэлд зочилж, канадын парламентын гишүүдийг гайхшируулан анхаарлыг нь татаад авчээ.

 

Үргэлжлэл бий