Уншиж байна ...

Дональд Трамп "Super Bowl"-ын тоглолтыг шууд үзсэн анхны ерөнхийлөгч болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Америк хөлбөмбөгийн дээд лиг болох NFL-ийн шигшээ тоглолтыг шууд үзсэн анхны төрийн тэргүүн болно.

Орон нутгийн цагаар ирэх Ням гарагт АНУ-ын Нью-Орленс хотын "Causars Superdome" цэнгэлдэхэд NFL-ийн "Super Bowl" болох юм. Шигшээд "Канзас Сити Чифс" болон "Филадельфи Ийглз" баг өрсөлдөх билээ.

Сүүлийн хэдэн жилд улс төрийн замнал хөөж буй Д.Трамп NFL-ийн лигийн комиссар Рожер Гүүделийн бодлогыг үргэлж шүүмжилж ирсэн юм.

АНУ дахь арьс өнгөний эсрэг үзлийг шүүмжилдэг лигийн тоглогчид төрийн дууллын үеэр өвдөг сөхрөн эсэргүүцлээ илэрхийлдэгт Д.Трамп сэтгэл дундуур байдаг.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд арьс өнгөний үзлийн эсрэг "End Racism" уриатай байсан лигийн удирдлагууд энэ жил "Choose Love" уриан дор шигшээ тоглолтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Энэ шийдвэр нь өнөөгийн улс төрийн үзэл баримтлалтай холбоотой гэдгийг лигийн удирдлагууд үгүйсгэсэн юм.

Уг асуудлаар лигийн хэвлэлийн төлөөлөгч Брайан МакКарти "Бидний уриа улс оронд маань болсон үйл явдлуудтай илүү холбоотой байдаг. Хээрийн түймэр, террорист халдлага, нисдэг тэрэгний осол, онгоцны сүйрлээс хамааралтай ийм уриа сонгосон" гэж тайлбарласан байна.

Харин лигийн комиссар Рожер Гүүдел Д.Трампын барьж буй бодлогыг дэмжихгүй, цаашид лигт иргэдийг ажилд авахдаа олон талт бодлого баримтлахаа зогсоохгүй гэж мэдэгдсэн.

АНУ-ын ерөнхийлөгчид ба "Super Bowl"

зураг
 

1967 оноос хойш зохион байгуулагдаж буй "Super Bowl" бол Америкийн спортын түүхэнд хамгийн олон үзэгчтэйд тооцогддог. 

Өнгөрсөн жил "Канзас Сити Чифс" баг аваргын цомоо хамгаалсан тоглолтыг 123.4 сая хүн шууд хүлээн авч үзсэн нь 1969 онд "Apollo 11" хөлөг саран дээр буусан үйл явдлын дараа орсон юм. Тухайн үед 125 - 150 сая хүн шууд үзсэн гэж тооцдог.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч нараас эцэг Жорж Буш 2017 онд Хьюстонд болсон супер боулын тэмцээнийг эхлүүлэх мөнгөн зоосыг шидэж байсан бол 1985 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Рональд Рэйган Цагаан ордноос зоос шидсэн түүхтэй. 

Бага Жорж Буш 2004 онд супер боулын тоглолтын өмнө олон нийтийн сувагт ярилцлага өгсөн нь цаашид уламжлал болон тогтжээ. Түүний эл үйлдлийг Барак Обама ерөнхийлөгч байхдаа үргэлжлүүлсэн ч Жо Байден сүүлийн хоёр жил дараалан ярилцлага өгөхөөс татгалзсан аж.

 

Эх сурвалж: CNN