Өнгөрсөн оны сүүлээр НАСА-гийн санхүүжүүлдэг астрономичид Чили улсад байрладаг телескопоор 90 орчим метрийн өргөнтэй астероидыг илрүүлж, 2024 YR4 гэж нэрлэсэн юм.
Энэ нь 1908 онд Сибирийн хөвчид унахдаа 2,150 км.кв талбайтай газрыг хавтгайлсан Тунгуска астероидтой ойролцоо хэмжээтэй гэсэн үг юм.
Өнгөрсөн долоо хоногт Европын Сансрын Агентлаг уг астероид 2032 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр манай дэлхийд хамгийн ойр өнгөрөх ба дэлхийд унах магадлалыг 1.3 хувь гэж тооцоолсноо зарлаж байв.
Тэгвэл өчигдөр НАСА-гийн Cneos (Center for Near Earth Object Studies) төв энэ магадлалыг 2.3 хувь болгон өсгөснөө зарлажээ.
Ингэснээр 2024 YR4 астероид нь сансрын биетийн дэлхийд учруулах аюулын “Torino Impact Hazard Scale” хэмжүүрээр гурав үнэлгээ авч байна.
Уг үнэлгээ 0 байхад ямар ч аюулгүй, 10 байхад соёл иргэншил сүйрэх аюултай гэж ангилдаг.
Гэхдээ НАСА-гийн дэргэдэх дэлхий гарагийн хамгаалалтын алба айх аюул байхгүйг хүмүүст мэдэгджээ.
“Өмнө нь эрсдэлийн үнэлгээ өндөр хэд хэдэн биет илэрч байсан ч илүү их мэдээлэл тодрох тусам үнэлгээ нь буурч байсан. Тиймээс цаашдаа энэ астероидын тухай мэдээлэл нэмэгдэх тусам эрсдэлийн үнэлгээ нь буурсаар тэг болох магадлалтай” гэж тус албаны судлаач Молли Вассер тайлбарласан байна.
Эдинбургийн Их сургуулийн одон орон судлалын профессор Колин Снодграсс өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярихдаа “Энэ биет ямар ч хор хөнөөлгүй өнгөрөх байх. Бид үүнийг батлахын тулд телескопоор анхааралтай ажиглаж байх ёстой. Бид түүний хөдөлгөөнийг ажиглах тусам ирээдүйн талаар илүү бодитой таамаглалтай болно” гэж байжээ.
2004 онд илэрсэн Эйфелийн цамхгийн хэмжээтэй 99942 Apophis астероид анх Ториногийн хэмжүүрээр дөрөв үнэлгээ авч байсан юм.
Гэвч цаашдын ажиглалтаар ойрын 100 жилд дэлхийд ямар ч аюул учруулахгүй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.
Эрсдэл өндөр байсан ч ирээдүйд хүн төрөлхтөн өөрийгөө ийм аюулаас хамгаалах чадвартай болох төлөвлөгөөтэй байгаа. Дэлхий рүү чиглэсэн сансрын биетийг замаас нь хазайлгаж, чиглэлийг нь өөрчлөх туршилтыг НАСА 2022 онд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!