АНУ-ын Пенсильвани мужийн цагдаагийн газар ачааны автомашинаас 100,000 өндөг хулгайлсан хэргийг мөрдөж эхэлжээ.
Бямба гарагийн орой тус мужийн Антрум хотын ойролцоо Pete & Gerry’s Organics компанийн түгээлтийн автомашинаас өндөгнүүд хулгайд алдагдсан юм байна.
“Би ажиллах хугацаандаа 100,000 өндөг хулгайлсан тухай огт сонсож байсангүй. Энэ бол үнэхээр ховор үзэгдэл” гэж Пенсильвани мужийн цагдаагийн байгууллагад 12 жил ажиллаж буй төлөөлөгч Меган Фрэйзер өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрбээр орон нутгийн иргэдээс энэхүү хулгайтай холбоотой ямар нэг мэдээлэл байвал цагдаад өгч туслахыг хүссэн байна.
Шувууны ханиадны улмаас Америкийн фермүүд сар бүр олон сая тахиагаа нядалж байгаа. Үүний улмаас өндөгний үнэ 2023 оны зунаас хойш хоёр илүү дахин өсөөд байна.
Саяхан Жоржиа мужид үйл ажиллагаа явуулдаг Waffle House рестораны сүлжээ бүтээгдэхүүнийхээ орц найрлагад орж буй өндөр бүрийн үнийг 50 центээр өсгөх шийдвэрийг зарласан.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлын эхний өдрөө хүнсний барааны үнийг бууруулахаа сонгуулийн турш дахин дахин амлаж байв.
Арванхоёрдугаар сарын байдлаар АНУ даяар 12 ширхэгтэй багц өндөгний үнэ дунджаар $4.15 байжээ.
Трампын засаг захиргааны хөдөө аж ахуйн яам шувууны ханиадны улмаас энэ оны турш өндөгний үнэ дахиад 20 хувиар өсөх тооцоо гаргасан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!