Хууль зүйн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд эмгэнэл илэрхийлье. Энэ асуудлын эргэн тойронд болж байгаа явдлын талаар Хууль зүйн сайдын хувиар мэдээлэл өгч байна.
Энэ хэргийн хохирогч Хууль зүйн яамны харьяа Хилийн цэргийн ангийн алба хаагч О.Одбаяр албаа үлгэр жишээ хааж байгаа байлдагч юм. Тиймээс уг хэрэгт цагдаа, АТГ-аас шалгалт явуулж байгаа.
Тавантолгой түлш компанийн үе үеийн удирдлагуудыг шалгаж байгаа. Энэ хүрээнд 29 төрлийн химийн бодис, түүхий эдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгүүлж байна. Албан тушаалтнууд болон түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хариуцлага тооцох болно.
Хоёрдугаарт, хохирогчийн эмзэг мэдээллийг агуулсан, цагдаагийн илтгэх хуудас буюу рапорт мэт харагдах мэдээлэл өчигдрийн 21:00 цагийн орчим цацагдсан. Энэ бол зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэл биш юм. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал учир Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрэв хувь хүний нууцад хамаарах мэдээллийг албан тушаалынхаа хүрээнд олж авч, задруулсан бол тав хүртэл жил хорих ялтай, хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэг.
Хүнд нөхцөлд, зовлон бэрхшээл туулж байгаа хүмүүст хүндээр тусах мэдээллийг албаны журмаар олж аваад олон нийтэд цацаж байгаа бол гэмт хэрэг юм. Тухайн мэдээлэлд дурдагдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад огт байхгүй. Зарим нь ташаа мэдээлэл байсан. Тэр мэдээллийг зориудаар тараасан гэж харж байгаа. Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна.
Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлнэ. Тэр хүний эрхэд халдсан ямарваа нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.
-Ил болсон мэдээллийг цагдаагийн мөрдөгч бичсэн, цагдаагийн байгууллагын оролцоо байна гэж харж байна?
-Тэр мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн бүртгэл цагдаагийн байгууллагад байдаг. Гэмт хэргийн сангаас жирийн иргэн мэдээлэл авах боломжгүй. Харин халамжтай холбоотой болон бусад мэдээллүүд нь өөр байгууллагад хадгалагдаж байсан. Ямар зорилгоор энэ мэдээллийг гаргав. Тэр дунд ташаа мэдээлэл ч байсан. Жишээ нь, амь хохирогчид согтууруулах ундаа хэрэглэсэн болон хамааралтай нөхцөл байдал огт байхгүй.
Тиймээс тэр мэдээллийг цацсан этгээдийг олж тогтооно. Хэрэв цагдаагийн алба хаагч задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно.
Мөн утааны улмаас амиа алдсан хэрэг дээр олон нийтэд мэдээлэл өгөхийг хориглосон, мэдээлэл өгүүлэхгүй байх үүрэг даалгавар өгсөн гэдэг мэдээлэл яваад байгаа. Нэн даруй Хууль зүйн сайдпад хандаж энэ талаарх мэдээллийг өгөөч гэж тухайн иргэдээс, өмгөөлөгч нараас нь хүсье. Ийм зүйл байж болохгүй. Шалгаж байгаа хэргийн үйл явцыг хуулиар нууцалдаг байж болохоос биш хүн хохирсон тухайгаа, бусдад сэрэмжлүүлэх үүднээс ярьж байгаа мэдээллийг хэн ч хааж, хорьж болохгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!