Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп дэлхийн 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг бүрэн хориглох захирамж гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Дональд Трамп дөнгөж сая дэлхийн 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох захирамж гаргажээ.

Үүнийгээ гадаадын террористуудаас болон бусад аюул заналаас Америкийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна.

Иргэд нь хилийн хоригт орсон орнуудад Афганистан, Мьянмар, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрэй, Хайти, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен багтжээ.

Эдгээрээс гадна Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леоне, Того, Туркменистан, Венесуэл гэсэн долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрэхэд хэсэгчилсэн хориг тавьсан байна.

“Бидэнд аюул учруулахыг хүсдэг хүмүүсийг бид өөрийн улсад оруулахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн Трамп дээрх жагсаалтыг өргөжүүлэх боломж нээлттэйг анхааруулжээ.

Захирамж 2025 оны зургаадугаар сарын 9-ний шөнө дундаас эхлэн хэрэгжих гэнэ.

Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд исламын шашинтан давамгайлдаг долоон улсын иргэдэд хилийн хориг тавьж байсан юм.

2018 онд батлагдсан энэ хоригийг ерөнхийлөгч асан Жо Байден 2021 онд цуцалж байжээ.

Жагсаалтад багтсан орнуудыг “их хэмжээний террористуудыг нутаг дэвсгэртээ агуулдаг”, визийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажилладаггүй, аялагчдын биеийн байцаалтыг баталгаажуулах чадваргүй, гэмт хэргийн түүхийг нь хангалттай бүртгэдэггүй, АНУ-д визийн хугацаа хэтэрсэн хамгийн олон тохиолдолтой зэрэг шалгууруудаар сонгосноо Трамп тайлбарласан байна.

Ингэхдээ тэр саяхан Колорадо мужийн Боулдер хотод Израилийг дэмжигчдийн жагсаал руу шатаагч бодистой бөмбөг шидсэн хэргийг жишээ болгожээ.

Уг хэрэгт Египетийн иргэн Мохамед Сабри Солиман буруутгагдаад байгаа.

Солиман жуулчны визийн хугацаагаа хэтрүүлсэн, ажил эрхлэх зөвшөөрлийн хугацаагаа дуусгасан байсныг албаныхан мэдээлж байв.

Гэхдээ Трамп хилийн хоригтоо Египет улсыг оруулаагүй байна.

Захирамжийг хоригт орсон улс орнууд янз бүрээр хүлээн авчээ. Тухайлбал Сомали улсын засгийн газар аюулгүй байдлын асуудлаар АНУ-тай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Венесуэл улсын дотоод хэргийн сайд Трампын засаг захиргааг “фашист” гэж шүүмжлээд АНУ-д оршин суугаа иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ.

 

Эх сурвалж: Reuters