"Монголын барилгачдын нэгдсэн холбоо"-ноос Сэлбэ дэд төвийн тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордны гадна суулт зарлажээ.
Уг асуудлын хүрээнд төрийн албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэн, монгол компаниудын эрх ашгийн төлөө жагсаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Очирбат, Р.Батболд нар суулт зарлагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Батболд "Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзаж, УИХ-д танилцуулгаа хүргүүлээрэй гэсэн. Сэлбэ дэд төвийн тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудал энэ долоо хоногийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орох байсан боловч хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй шалтгаанаар хойшилсон.
Ирэх долоо хоногийн Мягмар гарагийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Сэлбэ дэд төвийн төсөв, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг авч хэлэлцэхээр болсон. Энэ бол 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажил байгаа. Энэ том төслийг Үндэсний бүтээн байгуулагч нараа оролцуулахгүй явж буйд шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг засаж сайжруулах тал дээр ажиллана" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!