1980-аад оны үед “Take On Me” хит дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Норвегийн А-ха хамтлагийн дуучин Мортен Харкет өчигдөр Паркинсоны өвчтэй болсноо зарлажээ.
Хамтлагийн вэб сайтад нийтлэгдсэн мэдэгдэлд 65 настай Харкет хэд хэдэн удаа тархины мэс засалд орсон бөгөөд өвчний шинж тэмдэгтэй тэмцэж байгаа талаар дурдсан байна.
Паркинсоны өвчин нь тархины мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг аажмаар доройтуулдаг бөгөөд салгалах гэх мэт биеийн хөдөлгөөний бусад эмгэгүүдээр шинж тэмдэг нь илэрдэг юм.
Өвчнийг мэс засал, эм тариагаар эмчилдэг боловч бүрэн эдгэрдэггүй.
Өнгөрсөн онд тархиндаа электрод суулгах мэс засалд орсны дараа өвчний шинж тэмдэг нь буурсныг Харкет ярьжээ.
“Надад оношийг хүлээж авахад асуудал байгаагүй. Би одоо системээ бүхэлд нь муутгахгүйн тулд чадах бүхнээ хийж байна” гэж Харкет энэ үеэр хэлсэн юм.
1982 онд Харкет болон түүний найзууд болох Пол Ваактаар-Савои, Магне Фурухолмен нар А-ха хамтлагийг үүсгэн байгуулж, 1985 онд “Hunting High and Low” нэртэй анхны цомгоо гаргаж байжээ.
Уг цомогт нь “Take On Me”, “The Sun Always Shines on TV” зэрэг хит дуунууд багтсан юм.
Саяхан HBO сувгийн “The Last of Us” цувралын хоёрдугаар бүлэгт жүжигчин Белла Рэмсигийн бүтээсэн гол дүр Элли энэ дууны акустик хувилбарыг гитар хөгжмөөр тоглож дуулснаар дахин хүмүүсийн анхаарлын төвд оруулж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!