Уншиж байна ...

Г.Пүрэвдэлгэр: Мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоогдоогүй тул амь хохирогчийн хүү О мэдээлэл өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл биш

Б.Бадамгарав, IKon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан гэх харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан. 

Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгөв. 

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр "Энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай утсанд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн ... тоот хаягт зургаан хүн угаартсан юм шиг байна гэх мэдээлэл бүртгэгдсэн. Уг байшингийнх нь гаднаас дуудаад сэрэхгүй байна гэдгийг дуудлага мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгсөн хүн нь тодотгож хэлсэн байдаг. 

Дээрх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу дүрс бичлэгийг аргаар бэхжүүлж, хөндлөнгийн гэрчийг оролцуулж ажиллагааг явуулсан. 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ар гэрийн төлөөлөл, тодруулж хэлбэл амь хохирогчийн хүүхэд, ах нь мэдээлэл өглөө.

Уг асуудалд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийх явцдаа тухайн гэмт хэрэг учрал болсон газрын орчин, нөхцөл байдал болон угаартсан байж болзошгүй орчны агаарын шинжилгээ, үнснээс дээж авах гэх мэтчилэн тодорхой ажиллагааг явуулсан.

Амь хохирогчдын хамаарал бүхий хүн болох дүү О-г хохирогчоор оролцуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Өнөөдөр мэдээлэл өгсөн иргэн О тухайн үед хугацаат цэргийн алба хааж байсан тул цагдаагийн байгууллагаас түүнийг ямар нэг байдлаар дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Мөн хохирогчийн сэтгэл санааны байдал, нөхцөл байдлаас нь шалтгаалж, цагдаагийн байгууллагаас дуудсан, мэдүүлэг авсан зүйл байхгүй. 

Түрүүн дурдсанчлан амь хохирогчийн төрсөн дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоон, ажиллагаа үргэлжилж байгаа. 

Урьдчилсан байдлаар шинжилгээнүүд авагдсан тодорхой хугацааны дараа мэргэжлийн шинжээчдийн албан ёсны дүгнэлтээр тогтоогдоно.

Хэргийн газрын үзлэг шинжилгээ, нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний урьдчилсан байдлаар дээрх зургаан амь хохирогч нь угаартсан байж болзошгүй гэх дүгнэлт гараад байна. Нарийн шинжилгээний дүн гарахаар тухайн үед нь албан ёсоор мэдээлнэ" гэв.

Харин амь хохирогчдын ар гэрийнхнийг мэдээлэл өгч болохгүй гэж гарын үсэг зуруулсан гэх асуудалд тэрбээр "Зөвхөн энэ хэрэгт биш нийт хэргийн жишээн дээр ярихад мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь тухайн хэргийн шийдвэрлэлт хамгийн чухал нөлөөтэй. Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг гажуудуулах, гэм буруутай хүн байвал төөрөгдүүлэх, нотлох баримтыг устгах гэх мэтчилэн олон асуудал байдаг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой хэмжээгээр хуульчлагдсан.

Энэ хүрээнд хохирогчоор тогтоогдсон иргэн О-д мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбарлаж ойлгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг тухайн хүмүүс оролцогчийн хувьд мэдэж байгаа учраас энэ мэдээллүүдээ задлах нь хэргийг шийдвэрлэх үйл ажиллагаанд саад болох эрсдэлтэйг сануулсан. Түүнээс биш хэвлэлд мэдээлэл өгч болно, болохгүй гэх асуудлыг огт яриагүй. Тийм хууль ч байхгүй. Хамаарал бүхий хүмүүс нь нас барсан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нь чухал учраас тэр хүрээнд хууль дүрмийг тайлбарласан үйл ажиллагаа явагдсан

Өнөөдөр мэдээлэл өгсөн иргэн О-г цагдаагийн байгууллагаас дуудсан, мэдээлэл өгч болно, болохгүй гэдэг асуудал яриагүй. Оролцогч биш учраас тэр хүнд хууль дүрмийг тайлбарлах, сануулах шаардлага байгаагүй гэсэн үг. Хэрэв оролцогчоор тогтоогдвол хэн бүхэнд хуулиар заасан эрх үүргийг нь тайлбарлаж, гарын үсэг зуруулдаг. Үүнийг ойлгосон байх гэж бодож байна.

Амь хохирогчийн хүү, ах О мэдээлэл хийснээр ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн асуудалгүй байхгүй. Хууль зөрчсөн үйлдэл биш" гэлээ.