Индэр    
2 цаг 18 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Архичин", "хэрэгтэн", "ядуус"-т сэрэмжлүүлээд, зөвлөөд байхад л өөрсдөө угаартчихлаа гэх нь үү?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барж, цэрэгт алба хааж байсан хүү ганцаараа үлдсэн хэрэг нийгмийг хиртхийлгэв.

Өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө уг харамсалтай хэрэг гарсан ч тухайн үед холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэлд энэ асуудал огт дурдагдаагүй байв. Тэр ч бүү хэл өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд зохион байгуулагдсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” хэлэлцүүлэгт оролцсон албаныхан угаартаж нас барсан хүмүүсийн тоонд одоо яригдаж буй хохирогчдын тоог оруулалгүй мэдээлсэн гэх хардлага ч яригдаж байна.

Гэр бүлийнхнээ бүгдийг цаг бусаар алдаж, ганцаар үлдсэн цэрэг хүү хариуцлага нэхэж хэвлэлд хандав.

Гэтэл хохирогч хүүг мэдээлэл хийсний дараагаас хэргийн талаарх танилцуулга сошиалд дэлгэгдэв. Албан хэрэгцээнд ашигласан болов уу гэмээр тэрхүү танилцуулгад амь алдсан зургаан хүний нэрийн эхний үсэг, нас, нийгмийн байдлыг нэг бүрчлэн бичсэн байв. Хамгийн ой гутам нь талийгаач эмэгтэйг архины хамааралтай гэж тодорхойлохын зэрэгцээ угаарын хий мэдрэгчийн залгуур эвдэрсэн гэх шалтгаанаар ажиллуулдаггүй байсан, түүнийг хэрхэн ажиллуулах талаар заавар зөвлөгөөг өгсөн гэх мэтээр тайлагнажээ. Түүнчлэн цэрэг алба хааж буй хүүг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсныг ч марталгүй бичсэн байв.

Мөн сайжруулсан түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага болон холбогдох төрийн албаныхан ДӨРВӨН удаа өгсөн гэдгийг тод хараар онцолж. Ингээд зогсохгүй талийгаач эмэгтэйд гэр гардуулж буй болон угаартахаас сэргийлэхийг зааж, зөвлөж буйгаа баталсан фото зургийг ч хэргийн танилцуулгад хавсаргасан байна.

Байтлаа "архичин", "хэрэгтэн", "ядуу" хүмүүст сэрэмжлүүлээд, зааж зөвлөөд байхад л өөрсдөө угаартчихлаа гэх нь холгүй хорон мэдээлэл тараав. 

Танилцуулга гэх тэрхүү цаасанд дурдсан нэг өгүүлбэр эрхгүй анхаарал татна. Тэр бол угаартах эрсдэлгүй хэмээн яг одоо төрийнхний сурталчилж буй давхар шаталтат "Нүүдэлчин" зуух. Хохирогч гэр бүлд "Нүүдэлчин" зуух өгснийг гэрээнийх нь дугаартай дурдсан байна.  

Аюул хамгийн бага, угаарын хийг давхар шатаадаг хэмээн нийслэлийн дарга нарын танилцуулж байгаа уг зуухыг хэрэглэсэн нэг айлын амьдрал ийнхүү орвонгоороо эргэлээ.