Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг "Intel Extreme Masters Katowice 2025"-ийн хэсгийн шатны тоглолтууд Польш улсад зохион байгуулагдаж байна.
Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг урилгаар оролцож байгаа юм. Тэд тэмцээнээ хэсгийн шатнаас эхлүүлж, Нидерландын "Team Liquid" багийг 2:1-ээр өчигдөр хожсон.
Үргэлжлүүлэн өнөөдөр Playoffs буюу хасагдах шатанд оролцох эрхийн төлөө Германы "GamerLegion" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0-оор хожлоо. Энэхүү тоглолтод манай улсын хөвгүүд "GamerLegion" багийн сонгосон "Nuke map" дээр сайн тоглож, 13:10-аар ялалт байгуулсан билээ.
Манай улсын баг өчигдөр "Nuke map" дээр өрсөлдөгчөө хожиж чадаагүй бол өнөөдрийн тоглолтод илүү нягт байснаар үр дүнг өөрчилсөн юм. Түүнчлэн багийн ахлагч Б.Гарьдмагнай энэ тоглолтод хамгийн өндөр статистиктай тоглосон нь үр дүнд нөлөөллөө. Тэрбээр өчигдрийн тоглолтод "Nuke map" дээр хоёр багийн тоглогчдоос хамгийн муу үзүүлэлттэй нь байсан.
Улмаар өөрсдийнхөө сонгосон "Mirage map" дээр эсрэг багтаа ердөө тавхан үе алдаж, 13:5-аар хожлоо. Ингэснээр "The MongolZ" багийн хөвгүүд анх удаа "Intel Extreme Masters Katowice" тэмцээний хасагдах шатанд шалгарч байна. Өнгөрсөн жил тус тэмцээнийг урьдчилсан шатнаас өндөрлүүлсэн бол 2022 онд хэсгийн шат хүртэл явж байлаа.
Хэрэв тус тоглолтод өрсөлдөгчөө хожвол шөвгийн дөрвөн багийн шат руу дэвшинэ. Харин хожигдвол А хэсгийн гуравдугаар байраар шалгарсан багтай шөвгийн дөрвийн төлөө тоглох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!