АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио саяхан хэлсэн үгэндээ Умард Солонгосыг “дэлхий нийтэд аюул занал учруулагч түрэмгий улс” гэж тодорхойлсон юм.
Энэ тодорхойлолт Пёньяны дэглэмийг хилэгнүүлж, өнөөдөр өглөө хариу мэдэгдэл гаргажээ.
Умард Солонгосын гадаад хэргийн яам тус улс АНУ-ын өдөөн хатгалгын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авахаа анхааруулсныг Солонгосын Мэдээний Агентлаг өнөөдөр өглөө мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трампыг тангараг өргөснөөс хойш Умард Солонгосын дэглэм АНУ-ын шинэ засаг захиргааны бодлого, үйл ажиллагааг анх удаа шүүмжилсэн нь энэ юм.
Өнөөдрийн мэдэгдэлд бас АНУ-ын пуужингаас хамгаалах шинэ системийн төлөвлөгөөг хурцаар шүүмжилж, өөрийн батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхээ амлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Дональд Трамп “Америкийн Төмөр Дээвэр” гэгдэж буй агаарын цохилтоос хамгаалах шинэ систем хөгжүүлж эхлэх захирамжид гарын үсэг зурсан юм.
Үүнийг Израилийн хэрэглэдэг “Iron Dome” системтэй төстэй, баллистик, дуунаас хурдан, далавчит пуужин зэрэг бүх төрлийн агаарын зэвсгээс хамгаалах иж бүрэн систем гэж үзэж байгаа.
“Хүйтэн дайны үеийн “Оддын дайн” хөтөлбөрийг санагдуулам агаарын довтолгооноос хамгаалах шинэ системийн санаа нь аюулгүй байдлаа хангах нэрийн дор зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зөвтгөх эрсдэлтэй юм” гэж Умард Солонгосын гадаад хэргийн яам анхааруулжээ.
“Дэлхий дахины аюулгүй байдлын асуудал улам бүр хурцдаж байгаа нь биднээс цөмийн зэвсэгт суурилсан өөрийгөө хамгаалах хүчин чадлаа байнга хөгжүүлэхийг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд бас өгүүлсэн байна.
Ерөнхийлөгч Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай найрсаг харилцаж, хоёр ч удаа биечлэн уулзаж байсан юм.
Харин тэр үеэс хойш эрс муудсан АНУ-БНАСАУ-ын харилцаа Трампын хоёр дахь засаг захиргааны үед хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!