Сири улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ням гарагт анхны гадаад айлчлалаараа Саудын Араб улсад хүрэлцэн очжээ.
Энэхүү айлчлал нь олон арван жилийн турш Ираны холбоотон байсан Сири улсын гадаад бодлогод томоохон эргэлт гарч байгаагийн илрэл боллоо.
Өнгөрсөн оны сүүлээр Башар аль Ассадын дэглэмийг түлхэн унагасан босогчдын тэргүүн Ахмад аль Шараа өчигдөр гадаад хэргийн сайд Асаад аль Шайбанигийн хамт Саудын Арабын нийслэл Рияад хотод хүрэлцэн очсон байна.
Тэднийг Саудын Арабын далбаатай нисэх онгоц хүргэж ирснийг тус улсын төрийн өмчийн SANA агентлагийн гэрэл зургууд харуулжээ. Эндээс харвал Саудын эрх баригчид Сирийн удирдагчийн замын зардлыг даасан бололтой.
Сирийн шинэ удирдагчийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман хүлээн авч уулзжээ.
Саудын Араб тэргүүтэй Арабын орнууд 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны турш Ассадын дэглэмийн эсрэг босогчдыг дэмжиж байсан юм.
Харин Ассадыг уламжлалт холбоотнууд нь болох Иран, Орос улсууд дэмжиж байв.
Арванхоёрдугаар сарын эхээр аль Шараагийн удирдсан Хаяат Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэлийн тэргүүлсэн босогчид Дамаск хотод орж ирснээр Ассадын дэглэм нуран унасан юм.
Ассад одоо гэр бүлийн хамт Москвад орогнож байгаа гэсэн мэдээлэл бий.
Засгийн эрхийг авсныхаа дараа аль Шараагийн засаг захиргаа эмэгтэйчүүдийн болон шашны цөөнхийн эрхийг хамгаалахаа амлах зэргээр дэлхий дахинд эергээр танигдахыг хичээж байгаа.
Иргэний дайны хөлд арав гаруй жил нэрвэгдсэн Сири улсыг сэргээн босгоход олон тэрбумын хөрөнгө шаардлагатай нь тодорхой.
Өрнөдийнхөн одоо Сирийн шинэ засгийн газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, Ассадын дэглэмийн үед авсан хориг арга хэмжээнүүдээ цуцлах эсэх талаар судалж эхлээд байна.
Саудын Арабын гадаад хэргийн сайд хунтайж Файсал бин Фархан өнгөрсөн сард Дамаск хотод айлчилж, Өрнөдийн хоригийг цуцлуулахын төлөө идэвхтэй ажиллаж эхлээд байгаа.
Гэхдээ Сирид нөхцөл байдал бүрэн тогтворжиж чадаагүй байна.
Бямба гарагт Сирийн Алеппо мужийн Манбиж хотод автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэхэд дөрвөн иргэн алагдаж, есөн хүн шархаджээ.
Уг аллагыг Сирийн хойд хэсэгт оршсоор байгаа Исламын Улс зэвсэгт бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна.
Арванхоёрдугаар сард Туркийн дэмжлэгтэй босогчид Манбиж хотоос Ассадын цэргүүдийг хөөн гаргаж байжээ. Энэ нь өөрийн хил залгаа Сирийн нутагт нөлөөгөө хадгалж үлдэх зорилготой Анкарагийн эрх баригчдын авсан арга хэмжээний нэг хэсэг байв.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!