Уншиж байна ...

АНУ-д зохион бүтээж буй зорчигч тээврийн нисэх онгоц анх удаа дууны хурдыг давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтнийг агаар мандалд дуунаас хурдан зорчуулдаг болгох зорилготой АНУ-ын Boom Supersonic компани өнгөрсөн долоо хоногт чухал ахиц дэвшил гаргажээ.

Нэгдүгээр сарын 28-ны өдөр тус компанийн зохион бүтээж буй онгоцны XB-1 загвар Калифорни мужийн Мохаве цөлд туршилтын нислэг үйлдэхдээ анх удаа дуунаас хурдтай ниссэн байна.

2024 оны гуравдугаар сард анхны нислэгээ үйлдсэн энэ онгоц 12 дахь туршилтын нислэг дээрээ ийнхүү дууны хурдыг давжээ.

Сүүлийн туршилтыг үйлдсэн Мохаве Агаарын Баазад 1947 онд домогт нисгэгч Чак Йигер түүхэнд анх удаа дууны хурдыг давж байсан юм.

Boom компанийн ахлах нисгэгч Тристиан Бранденбург сүүлийн туршилтыг 10 км зайд гүйцэтгэхдээ 12 минутын турш онгоцны хурдыг Mach 1.122 түвшинд (1,200 км/цаг орчим) хүргэсэн нь дууны хурднаас 10 хувиар илүү хурдалсан гэсэн үг юм байна.

Үүнээс өмнө XB-1 онгоцны хамгийн өндөр хурд нэгдүгээр сарын 10-ны өдрийн туршилтын нислэгийн үеэр хүрсэн Mach 0.95 (дууны хурдны 95 хувь) байжээ.

АНУ-д зохион бүтээсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц, дэлхийн түүхэнд анхны хувийн хөрөнгөөр зохион бүтээсэн онгоц ийнхүү дууны хурдыг давсан тохиолдол болж байна.

Boom компани одоогоор American Airlines, United Airlines, Japan Airlines зэрэг компаниудаас 130 нисэх онгоцны урьдчилсан захиалга аваад байгаа юм.

1970 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Англи, Францын хамтран бүтээсэн домогт Concorde онгоцны 002 дугаартай туршилтын загвар анх Mach 1 хурдаар нисэж байжээ.

Сүүлд энэ онгоц Атлантын далайн хоёр эргийг холбосон зорчигч тээврийн нислэгийг 2003 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлж байв.

Тэр үеэс хойш дуунаас хурдан агаарын тээврийн салбарыг сэргээхээр хэд хэдэн компани гарч ирсэн ч бүгд амжилт олоогүй юм.

Boom Supersonic компанийн хувьд энэ чиглэлд нэлээд ахицтай байгаа.

“Дахин дуунаас хурдан агаараар аялдаг болно гэдэгт би маш их итгэлтэй байдаг. Ирээдүйд бүх чиглэлийн бүх зорчигч ийм хурдаар аялдаг болно. Энэ бол нэг шөнийн дотор хүрэх зүйл биш” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Блэйк Сколл 2024 оны гуравдугаар сард ярьж байжээ.

Энэ арваны сүүлээр онгоц нь 64-80 зорчигчийг Mach 1.7 (дууны хурдаас 70 хувиар илүү) хурдаар тээвэрлэдэг болохыг тэр амлаж байгаа.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн зорчигч тээврийн нисэх онгоцнуудаас бараг хоёр дахин хурдан ниснэ гэсэн үг.

Сколлын алсын мөрөөдөл нь хүмүүсийг дэлхийн аль ч цэгт дөрвөн цагийн дотор $100-ын үнээр хүргэдэг болгох гэнэ.

Boom Supersonic компанийн анхны зорчигч тээврийн нисэх онгоц Overture нэртэй байх юм. Уг онгоцны үйлдвэрийг өнгөрсөн онд Умард Каролина мужийн Гринсборо хотод байгуулж дууссан байна.

Энд жил бүр 66 ширхэг Overture онгоц үйлдвэрлэдэг болох юм.

 

Эх сурвалж: CNN