Уншиж байна ...

Украин, Оросын талууд Курск мужийн сургуулийн дотуур байрыг бөмбөгдсөн хэрэгт харилцан нэгнээ буруутгаж байна

Т.Давааням, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Украины армийн хяналтад байгаа ОХУ-ын Курск мужийн Суджа хотын дунд сургуулийн дотуур байр пуужингийн цохилтод өртсөний улмаас дөрвөн хүний амь үрэгджээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужийн нутагт гэнэт довтлохдоо багагүй хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон юм.

Сүүлийн саруудад Курскийн фронтын шугам дээр талуудын хооронд ширүүн тулаан өрнөж байгаа.

Бөмбөгдөлтөд өртөх үед Суджа хотын сургуулийн дотуур байранд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан нутгийн иргэдийг түр байрлуулаад байжээ.

Оросын нутаг дэвсгэрээс харвасан тэсрэх бөмбөг дотуур байрыг оносон тухай Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдээлсэн юм.

Үүний улмаас дөрвөн хүний амь үрэгдэж, 84 хүн шархадсан тухай Украины зэвсэгт хүчин Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Шархадсан хүмүүсээс дөрвийнх нь биеийн байдал хүнд байгааг бас мэдээлсэн байна.

Украины хилээс 12 км зайд оршдог Суджа хотын сургуулийн байрыг бөмбөгдсөн явдал нь Оросууд дайныг хэрхэн харгис хэрцгий явуулдгийн жишээ гэж үзэж байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский илэрхийлжээ.

“Тэд олон арван энгийн иргэн байрлаж байсан барилгыг сүйтгэлээ. Олон жилийн өмнө Орос улс Чеченийг ингэж сүйтгэж байсан. Сирид бас ингэж байсан. Украины хотуудыг ч бас ингэж сүйтгэдэг” гэж тэр Х хуудсандаа бичсэн байна.

Харин ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдрийн агаарын цохилтыг “Украины арми Украины нутаг дэвсгэрээс гүйцэтгэсэн” гэж Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейн мөн дотуур байр агаарын цохилтод өртсөний бурууг Украины талд тохсон байна.

Украины дайны турш дайтагч талууд энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлсэнд харилцан нэгнээ буруутгасаар ирсэн.

Гэхдээ ийм хохирогчдын ихэнх нь Украины иргэд байгаа нь тодорхой харагддаг.

 

Эх сурвалж: Reuters