Бямба гарагт парламентад ирэх оны төсвийг танилцуулахдаа Энэтхэгийн сангийн сайд Нирмала Ситараман эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор жилийн 1.28 сая рупи ($14,800) хүртэл орлоготой иргэдийг бүх төрлийн татвараас чөлөөлж байгааг зарлажээ.
Өмнө нь энэ босго 700,000 рупи байсныг ийнхүү ахиулсан байна.
Үүнээс гадна дээрх босгоноос дээш орлоготой иргэдээс авах татварын хэмжээг бууруулжээ.
Уг арга хэмжээ нь дэлхийд тав дахь хүчирхэг эдийн засагтай Энэтхэг улсын дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм байна.
“Шинэ арга хэмжээ нь хүн амын дундаж давхаргын татварыг бууруулж, тэдний гар дээр илүү их мөнгө үлдээж, өрхийн хэрэглээ, хадгаламж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой” гэж Ситараман сайд тайлбарлажээ.
Үүний үр дүнд Энэтхэгийн засгийн газрын татварын орлого жил бүр 1 их наяд рупигийн ($11.6 тэрбум) алдагдал хүлээх юм байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын эдийн засаг ирэх онд сүүлийн дөрвөн жилийнхээ хамгийн бага өсөлтийг үзэх төлөвтэй байгаа юм.
Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн инфляц гол нөлөө үзүүлж байгаа.
1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $2,700 орчим байдаг. Хүн амын гуравны нэг орчим нь дундаж орлоготойд тооцогддог байна.
Татварын орлого буурахтай холбоотойгоор Энэтхэгийн засгийн газар 2025-2026 оны төсвийн зардлаа өмнөх жилийнхтэй харьцуулахад бага хэмжээнд өсгөхөөр төлөвлөжээ.
Тухайлбал энэ оны төсөв 10.18 их наяд рупи байгаа бол ирэх онд 11.21 их наяд байхаар төлөвлөсөн байна.
Гурав дахь засгийн газартаа ерөнхий сайдаар ажиллаж буй Нарендра Модид хүн амынхаа дундаж давхаргын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр олноор үүсгэх шаардлага тулгарч байгаа.
Түүний засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангахын тулд бас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилт тавьжээ.
Энэ зорилгоор 17 сая фермерт өгдөг хөнгөлөлттэй зээлийн хэмжээг $3,460-аас $5,767 болгон өсгөхөөр төлөвлөснийг Ситараман парламентдаа мэдээлсэн байна.
Мөн дижитал платформд суурилсан такси, хүргэлт (gig economy) зэрэг ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийг албан ёсны ажиллах хүчээр бүртгэж, эрүүл мэндийн даатгалд хамруулахаар төлөвлөжээ.
Энэтхэгийн “gig economy” 2030 он гэхэд 23 сая гаруй хүнийг ажлын байраар хангахыг NITI AAyog судалгааны хүрээлэн тооцоолсон байдаг.
Бас стартап компаниудад зориулсан шинэ сан байгуулах, хувийн хэвшилтэй түншлэх замаар инновацыг дэмжих зорилтуудыг Энэтхэгийн засгийн газар зарласан байна.
Мөн цэвэр эрчим хүчний шилжилтэд цөмийн эх үүсгүүрийг түлхүү ашиглах Nuclear Energy Misson хөтөлбөрийг зарлажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2047 онд цөмийн эрчим хүчний 100 Гигаваттаас дээш хэмжээний эх үүсгүүртэй болох зорилт тавьсан байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!