Уншиж байна ...

А.Баяр: Монголчууд гаднын байгууллагынхантай нийлж, монгол иргэдээ залилах гэмт хэргийг цахимаар үйлддэг байдал улам бүр даамжирч байна

Т.Цэлмэг, IKON.MN
1 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өгөв. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Авлигатай Тэмцэх Газар (АТГ), прокурор, цагдаа гэх мэт 33 байгууллагын төлөөлөл багтдаг.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын дарга А.Баяр "2025 оныг Улаанбаатар хотын хэмжээнд төрийн үйлчилгээг авлигын эсрэг жил болгон зарлаж байна.

Шүүр болон шүгэл ажиллагаанд АТГ-тай хамтарч ажиллана. Ингэснээр иргэдэд шүгэл үлээх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл авлига, ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж гэж байгаа албан тушаалтныг олон нийтэд мэдээлэх боломжийг АТГ болон нийслэлийн прокурорын байгууллагатай хамтарч ажиллана.

Улаанбаатар хотын 1.6 сая иргэн ая тухтай, тайван сайхан амьдрах орчин, нөхцөлийг хүсэж байгаа. Тэгвэл энэ онд богино, дунд, урт хугацаанд гэмт хэрэг зөрчлийг арилгах бодлогыг гаргана. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллах юм.

Бусад зохион байгуулах ажлуудыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан 33 байгууллагатай хамтарч, хөтөлбөр гаргана.

Түүнчлэн монголчууд гаднын байгууллагынхантай нийлж, монгол иргэдээ залилах, мөнгийг авах төрлийн гэмт хэргийг цахимаар үйлддэг гэмт хэрэг улам бүр даамжирч байна. Хамгийн ноцтой нь 10 хүний 6-7 нь гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд.

"1хbet" зэрэг цахим тоглоомын сайтаар дамжуулан 200 гаруй сая ам.долларыг гадагш алдсан" 

Цаашид цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарч, ээжүүдийгээ хамгаална. Сүүлийн үед залуучууд цахим мөрийтэй тоглоомд илүү их донтож эхэлсэн. 200 сая ам.долларыг манай залуучууд цахим мөрийтэй тоглоомд гадагш алдсан байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд, тухайн гэр бүл, донтсон залуусын ажил амьдралд, Монгол Улсын хөгжилд саад тотгор болж байгаа учраас цахим мөрийтэй тоглоомын эсрэг ажиллана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэгт орооцолдож буй олон тоон мэдээллийг бүгд харж байгаа.

Замын хөдөлгөөнд соёлыг нэвтрүүлэх томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа" гэж мэдээллээ. 20-30 жилийн дараа Монгол Улсыг удирдах ирээдүйн залуусыг зөв хүн болгож хүмүүжүүлэхэд Гэмт хэргийн зөвлөл ажилладаг байх ёстой гэв.