Уншиж байна ...

Мексикийн булангийн нэрийг Трампын захирамжийн дагуу солихгүй байхыг Мексикийн ерөнхийлөгч Google компаниас хүсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа тус улсын өмнөд эрэг дагуу оршдог Атлантын далайн таслагдсан тохойн уламжлалт нэрийг солих шийдвэр гаргасан юм.

Мексикийн булан гэж нэрлэгддэг энэ хэсгийг тэр “Америкийн булан” болгон өөрчлөх захирамж гаргаж байв.

Google компани өөрийн дижитал газрын зурагт Трампын захирамжийн дагуу өөрчлөлт нэвтрүүлэх болсноо Даваа гарагт зарласан.

Ингэхдээ шинэ нэр нь зөвхөн АНУ-ын хэрэглэгчдэд, хуучин нэр нь зөвхөн Мексикийн хэрэглэгчдэд харагдаж, бусад улсын хэрэглэгчдэд шинэ, хуучин хоёр нэрээрээ зэрэг харагдахыг тайлбарласан юм.

Тэгвэл Мексик улсын ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум газар усны нэрийг өөрчлөх Google компанийн үйлдэл буруу болохыг анхааруулжээ.

Тэрбээр энэ асуудлаар Google компанид захидал бичсэнээ энэ үеэр танилцуулсан байна.

Шэйнбаумын үзэж байгаагаар АНУ дангаараа газар усны нэрийг солих боломжгүй, НҮБ-ын далай тэнгисийн хуулиар бол аливаа улсын нутаг дэвсгэрийн хяналт эргээсээ 12 далайн миль (22 орчим километр) хүртэл үргэлжилдэг гэнэ.

Тиймээс АНУ-ын нэрийн өөрчлөлт эргээсээ дээрх зай дотор л үйлчлэх ёстой ажээ.

Мексикийн булан нь АНУ, Мексик, Куба улсуудын газар нутгаар хүрээлэгддэг тул Трамп дангаараа нэрийг шийдэх ёсгүй гэж Шэйнбаум үзэж байна.

Тэр бас Google компаниас хайлтын системд нь “Mexican America” (Мексикийн Америк) нэрээр хайхад үр дүнг тодорхой харуулдаг болгохыг уриалжээ.

Трампыг анх Мексикийн булангийн нэрийг өөрчлөх санаа гаргахад Шэйнбаум хариуд нь Умард Америк тивийг “Mexican America” хэмээх түүхэн нэрээр нэрлэх санааг хошигнол байдлаар дэвшүүлж байсан юм.

1607 онд Испанийн колоничлогчдын бүтээсэн түүхэн газрын зурагт Умард Америк тивийг “America Mexicana” гэж нэрлэсэн байдаг ажээ.

 

Эх сурвалж: Reuters