Украины зэвсэгт хүчин Мягмар гарагт ОХУ-ын Курск мужийн нутагт байлдааны ажиллагаа явуулах үеэрээ Умард Солонгосын хоёр цэргийг устгаснаа саяхан мэдээлжээ.
Ингэхдээ тэдний биеэс олдсон эд зүйлсийн гэрэл зургийг Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.
Гэрэл зурагт Өмнөд Солонгосын Самсунг компанийн үйлдвэрлэсэн 2G технологийн гар утас дүрслэгджээ.
Мөн Украины цэргүүдтэй тулгарах үедээ ашиглах үгсийн орчуулгатай цаас тэднээс олдсон байна. Тухайлбал энэ цаасан дээр “Зэвсгээ хая”, “Хувцсаа тайл” гэх мэт өгүүлбэрийг украин хэлээр хэрхэн хэлэх заавар бичигдсэн байжээ.
Үүнээс гадна ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Буриад улсын иргэний бичиг баримт, шинэ жилийн үеэр Ким Жон Уны илгээсэн мэндчилгээ зэрэг зүйлс олдсон байна.
Өмнө нь Украины талд олзлогдсон Умард Солонгосын цэргээс Тувагийн иргэний бичиг баримт олдож байсан юм. Эндээс харвал Оросын эрх баригчид Украины эсрэг дайнд Умард Солонгосын цэргүүд оролцож буйг нуун дарагдуулахын тулд Сибирийн ижил царай төрхтэй үндэстний цөөнхүүдийн хуурамч бичиг баримтыг ашигладаг бололтой.
Ким Жон Уны өөрийн цэргүүдэд илгээсэн мэндчилгээнд “Та бүгдийг эсэн мэнд, эрүүл саруул буцаж ирэхийг би үргэлж хүсэж байгааг минь хором ч гэсэн битгий мартаарай” гэж бичсэн байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!