2023 онд Шведэд коран судрыг шатаах аргаар эсэргүүцлээ илэрхийлж байсан эрэгтэй буудуулж алагдсаныг албаны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Стокхольм хотын шүүх өчигдөр Иракийн загалмайн шашинтан, 38 настай Салван Момикаг үндэстэн хоорондын зөрчлийг хурцатгах үйлдэл гаргасан хэргээр шүүх ёстой байсан юм.
Гэтэл шүүгдэгч этгээд өмнөх өдөр нь амиа алдсан шалтгаанаар хурлыг хоёрдугаар сарын 3 хүртэл хойшлуулах шийдвэр гарчээ.
Шведийн цагдаагийн байгууллага түүнийг Лхагва гарагт Сёдертелье хотод буудуулж алагдсаныг дараа нь мэдээлсэн байна.
Уг аллагатай холбогдуулан таван хүнийг баривчилжээ.
Момика алагдах үедээ ТикТок платформ дээр шууд дүрс дамжуулж байсан юм байна. Түүнийг буудуулсны дараа газарт унасан гар утсыг цагдаа нар аваад шууд дамжуулалтыг зогсоохыг олон хүн харсан юм.
Момикагийн аллагад гадаад улсын тусгай албад оролцсон байж болзошгүйг Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон мэдэгджээ.
“Уг аллагад гадаадын улс орнууд оролцсон байх өндөр магадлалтай тул манай аюулаас хамгаалах албаныхан мөрдлөгийн ажилд гүнзгий оролцож байгааг би онцлон хэлмээр байна” гэж тэр мэдэгдсэн юм.
2023 оны зун Момика болон түүний хамтрагч Салван Нажем нар дөрвөн удаагийн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахдаа Исламын шашныг гутаан доромжилсон утгатай зүйл ярьж, нэг тохиолдолд нь Коран судрыг галдан шатааж байжээ.
Шведийн цагаачлалын алба 2023 онд Момикаг орогнол хүсэхдээ худал мэдээлэл өгсөн үндэслэлээр албадан гаргах гэж байсан ч Иракт буцаавал амь насанд нь эрсдэлтэй гэж үзээд больж байсан юм.
Момика болон түүний хамтрагчийн үйлдлийн улмаас Швед улс болон Ойрх Дорнодын орнуудын харилцаа эрс муудаж байв.
2023 оны долдугаар сард Багдад дахь Шведийн элчин сайдын яам руу Иракийн бухимдсан иргэд хоёр удаа дайрахдаа сүүлийнхэд нь гал тавьж байжээ.
Эхэн үедээ Шведийн засгийн газар Момикагийн үйлдэлд харамсал илэрхийлсэн ч хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан үндэслэлээр шийтгэхээс татгалзаж байлаа.
Гэхдээ 2023 оны сүүлээр Шведийн хуулийн байгууллага тэдэнд үндэстэн хооронд үзэн ядалтыг өдөөсөн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!